БУЛГАН: Хүний эрхийн олон улсын өдрийг 76 дахь жилдээ тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-11 20:39:00

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Булган аймаг Хүний эрхийн олон улсын өдрийг өсвөр үе, залуучуудад чиглэсэн үйл ажиллагаагаар угтаж байна.


Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд “Богино хэмжээний контент буюу рийл” уралдаан зарлаж, мөн ахлах ангийн сурагчдын дунд “Хүний эрх хамгаалагч” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг төлөвлөн хэрэгжүүлж байна.


Аймгийн хэмжээнд 19069 өрхөд 14 хүртэлх насны 18609 хүүхэд амьдарч байгааг байршлаар авч үзвэл, нийт өрхийн 3819 буюу 20 хувь нь аймгийн төвд, 925 буюу 4.8 хувь нь тосгонд, 4647 буюу 24.4 хувь нь сумын төвд, 9678 буюу 50.8 хувь нь хөдөөд амьдарч байна. Тэдний 60 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд байгаа учир энэ удаагийн үйл ажиллагаагаа тэдний эрхийн төлөө хийж буйгаа Булган аймаг дахь референт Д.Мөнхсайхан ярьж байна.


Энэ жилийн хувьд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон эрэгтэй эмэгтэй хүмүүст тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй, мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх" зорилгын хүрээнд “Охид, эмэгтэйчүүд хаана ч аюулгүй – Шалтаг бүү тооч! уриатайгаар өрнүүлж байна. 

 

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргаж, үүнээс хойш жил бүр Хүний эрхийн олон улсын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өнөөдөр 76 дахь жилтэйгээ золгож байна.


2024 оны Олон улсын хүний эрхийн өдрийг НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан "Бидний эрх - Бидний ирээдүй - Яг одоо" уриан дор тэмдэглэж байна.





Холбоотой мэдээ