СЭЛЭНГЭ: Ж.Гэрэлмаа: “Монгол өв соёл”-ыг үеийн үед сэргээх, орчин үетэй хослуулах мөрөөдлийн маань нэг хэсэг юм
ӨВ СОЁЛСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр
сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Жанцангийн Гэрэлмаатай
ярилцлаа. Тэрээр БТА, тэргүүлэх зэрэгтэй, үндэсний бичиг үсгээ түгээн
дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулж, үргэлж шинийг сэдэж,
эрэлхийлж явдаг нэгэн. Энэ удаа өөрийн даасан ангийн хүүхдүүдтэйгээ хамтраад үндэсний
бичгийн орчин бүрдүүлж ангиа тохижуулсан байна.
-Танд
энэ өдрийн мэнд хүргэе. Энэ анги танхимаа бас л содон бүтээжээ?
-Хүн ер
нь өөрийн хүсэл мөрөөдөлтэй, зорилго тэмүүлэлтэй байх сайхан. Би шавь нартаа
хичээлийн жилийн эхэнд, “Үндэсний бичгийн орчин бүрдүүлсэн ангитай болох
саналаа хэлэхэд хүүхдүүд минь маш дуртай хүлээж авсан.
Тэгээд бид
хамгийн орчин үеийн шийдлээр үндэсний бичгийн агуулгатай уян тааз хийлгэсэн. Мөн
сурагчдынхаа дүрэмт хувцсыг торгоор урлан тэднийхээ сурах хүсэл зоригийг нь
бадраахын тулд чамгүй хичээлээ.
-Аливаа
ажлын цаана санхүү гэх том асуудал байдаг. Хэрхэн зохицуулав?
-Бидэнд
энэ мөрөөдлийн ангиа бүтээхэд хамгийн чухал юм бол санхүүгээ хэрхэн бүрдүүлэх
тухай байсан.
Гэвч
сэтгэлд гал байхад тулганд гал байдаг гэж сайхан үг бий болохоор бид эрэл
хайгуул хийж, юун төлөө газар тариалангийн бүс нутагт амьдардаг билээ. Үүнийгээ
ашиглаад намрын ногоо хураалтад сурагчдаа авч явж уйгагүй хөдөлмөрлөж санхүүгээ
бүрдүүлсэн.
-Хаана ч
байхгүй, гоё шинэлэг анги болжээ. Хүүхдүүдийнхээ хантаазыг яаж оёв. Ямар нэгэн утга
агуулгыг шингээж урлав уу?
-Шавь
нарын нүдэнд оч гялалзахад миний ядрах юу ч биш болохыг мэдэрч тэдний урам зоригоор
өөрийгөө хөглөж, энэ амжилтад хамтдаа хүрлээ. Хүүхдүүдийн маань хантаазанд
нарийн ширийн уламжлалт арга ороогүй ээ. Зүгээр л энгийн монгол загвараар би
өөрөө оёдлын машинаар оёсон юм.
-Өөрийн
тань хийж байгаа, хийсэн бүтээлүүдийг харахад цаанаа л нэг содон, давтагдашгүй утга
агуулгыг шингээсэн харагддаг. Ер нь таны гол зорьсон зорилго тань юу вэ?
-Миний
зорилго бол 2025 онд Монгол төрийн албыг “Хос бичиг”-ээр хөтлөх болсонтой холбогдуулан мөн өөрийн “Монгол өв
соёл”-ыг үеийн үед сэргээх, орчин үетэй хослуулан хэрхэн сонирхолтой байдлаар
орчиндоо нөлөөлж болох вэ гэсэн
мөрөөдлийн маань нэг хэсэг байсан болохоор энэ ангиа байгуулахад их
хичээсэн.
Тэнгэр заяатай босоо бичиг намайг энэ зэрэгт
хүргэхэд үргэлж хийморь золыг бадрааж өгдөг болохоор би зүгээр сууж чаддаггүй
юм. Энэ л бичгээр би хилийн чанадад хэд хэдэн удаа, монголын сор болсон оюунлаг
хүмүүстэй уулзаж, олон улсын болон монголын өв соёлын наадмуудад оролцож,
монгол бичгийн олон хэлбэр, онцлогуудыг төр түмэндээ түгээж байна.
-Монгол
үндэсний дээл хувцас төдийгүй босоо монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд
өөрийн тань оруулж байгаа хувь нэмэр асар их гэж хардаг?
-Нүүдэлчин
монголчууд өв соёлоо сэргээн бичиг үсгээ дээдлэн, монгол дээл хувцсаараа гоёх болсон
энэ цаг үед бид л өөрсдөө хичээж, өөрсдөө өөрчлөгдөж олон түмэндээ нөлөөлөх
ёстой гэж ойлгодог.
Монгол Улсын
Засгийн газрын ордноос эхлээд Үндэсний ТВ-ийн 600-гий студи “Монгол өв соёл” нэвтрүүлэгт,
“Нүүдэлчин Монгол” Олон улсын фестивальд, аймаг, сумын өв соёлын наадмуудад тасралтгүй оролцож үндэсний
бичгээ түмэнд түгээж байгаа.
-Таны
хийж байгаа үйл, дэлгэрүүлж байгаа үндэсний хэмжээний бүтээлүүдийг тодотгох онцлог
юу вэ?
-Миний
онцлог бол монгол бичгийг, нүүдэлчин ахуйтай
хэрхэн уялдуулан, урлагийн бүтээл болгож болох талаар судлан хөгжүүлж,
гар урлал, сийлбэр, цаас, мод, эсгий төмөр, торго дурдан ашиглан хэрэглээ
болгож болохуйц олон төрөлд шингээж бүтээдгээрэй онцлогтой.
-Зарим бүтээлүүдээсээ
тодруулж өгнө үү?
-Монгол
хүүхдүүд заавал анги танхимд биш нүүдэллээд явж байхдаа сурч болох талаар “Аяны
монгол гэр”-ээ хийсэн. Харин одоо бол сурагчдынхаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж,
хичээлийн аль болох олон хичээлүүдтэй холбон хөгжүүлэх талд анхаарч ажиллаж байна.
Жишээ
нь монгол бичгийг зураг зүй, түүх, технологи, мэдээлэл технологи, монгол хэл,
уран зохиол гэх мэт маш олон хичээлтэй холбон хөгжүүлж болдог юм гэсэн санааг
хөндөхийг хичээж байгаа.
-Хүүхдүүд
бүтээл хийж сурахын цаана олон эерэг нөлөөллүүд байдаг болов уу?
-Сурагчид бүтээл хийхэд сууж сурдаг, төвлөрч сурдаг, багаар ажиллаж сурдаг, цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг гэх мэт олон чадваруудад суралцдаг.
Тиймээс
үндэсний бичиг цаанаа л нэг увдис, ид шидтэй гэж боддог. Бид саяхан Дархан-Уул
аймгаас зохион байгуулсан “Үндэсний бичиг-Манай хамт олны өв соёл” цахим контент
уралдаанд оролцоод гутгаар байрт шалгарсан.
-2025
онд хос бичигтэн болоход танай хамт олон бэлэн үү, хэрхэн бэлдэж байна?
-Байгууллагаараа
монгол бичиг сурах аян өрнүүлэн бүх монгол хэл бичгийн багш нар хичээнгүйлэн ажиллаж
байна. Байгууллагаараа хос бичигтэн болох бэлтгэл ажил хангагдаж байгаа. Бид долоо
хоног бүрийн нэг өдрийг багш, ажилчдадаа зориулж, тогтмол хичээл заадаг.
-Та
бүхэн энэ танхимаа ямар хугацаанд бүтээн байгуулав?
-Манай
анги 9г анги. Би энэ намар дааж авсан. Бид хоёр сарын турш бэлдсэн. Өдөр бүр
сурагчдыг цуглуулж бүтээл хийдэг байв.
Ямар ч
хүнд хийж бүтээе гэсэн чин сэтгэл байхад болдоггүй, бүтдэггүй юм байдаггүй гэж
хэлэх дуртай. Эзэн хичээвэл Заяа хичээдэг.
-Мөн
олон уралдаан тэмцээнд шинэлэг, өвөрмөц бүтээлүүдээрээ
амжилттай оролцож тэргүүн байрт шалгарч байсан байх аа?
-Тиймээ.
Монголын сайхан бичигтэн улсын уралдааны бүтээлийн гурван удаагийн тэргүүн,
МБШТГХ-ийн "Миний монгол бичиг" улсын уралдааны 3-р байр, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг" улсын
уралдааны тусгай байрын шагналыг хүртэж байсан.