Марин Ле Пенд 5 жилийн ял оноохыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-14 15:41:30

ПАРИС, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /BFMTV/. Парисын прокурорын газраас Францын хэт барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" намын парламент дахь бүлгийн дарга Марин Ле Пенд 5 жилийн хорих ял оноох, үүнээс Европын парламентын мөнгийг буруу зарцуулсан хэрэгт 3 жилийн тэнсэн харгалзах ял оноохыг шаарджээ.


Хэрэв шүүх хүсэлтийг хүлээн авбал өдгөө 56 настай Ле Пен 2027 онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болно. Учир нь, тэрбээр мөн хугацаанд төрийн албан тушаал хаших эрхгүй болох юм.


Прокурорууд мөн тус намыг хоёр сая еврогийн торгууль төлөхийг шаардсан байна. Европын парламентад 330 мянган еврогийн торгууль төлөх шийтгэлийг өмнө нь Марин Ле Пенд оногдуулжээ.  


Марин Ле Пений өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргасан ч төрийн албан тушаал эрхлэхийг хориглосон шийдвэрийг даруй хүчин төгөлдөр болгохыг прокурорын байгууллагаас шаарджээ. Харин Ле Пен  прокуроруудыг "францчуудын санал өгөх эрхийг үгүй хийхээр оролдсон" гэж буруутгасан байна. "Би өчүүхэн ч зөрчил гаргаагүй, өчүүхэн ч хууль бус үйлдэл хийгээгүй" гэж тэрбээр мэдэгджээ.


Марин Ле Пен тэргүүтэй Францын хэт барууны үзэлт “Үндэсний нэгдэл” намын удирдлагыг шүүх хурал Парисын эрүүгийн шүүхэд есдүгээр сарын 30-нд эхэлжээ. Ле Пен болон намын 20 гаруй гишүүнийг "Европын парламентын гишүүний туслах гэсэн хуурамч албан тушаалуудыг бий болгох замаар ЕХ-ны хөрөнгийг шамшигдуулсан, намаа нууцаар санхүүжүүлсэн" хэрэгт буруутгаж байгаа юм. Нийт хохирлын хэмжээг 7 сая орчим еврогоор үнэлжээ.




Холбоотой мэдээ