ДАРХАН-УУЛ: Энэ оны шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж, шошго хэрэглэх гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтсээс жил бүр аймгийн “Брэнд, шилдэг бүтээгдэхүүн”-ийг шалгаруулдаг Энэ жил 13 дахь удаагаа шалгаруулан батламжиллаа.
2024 оны брэнд бүтээгдэхүүнээр “Таймлэсс” ХХК-ийн Това брэндийн "Баатар" эсгий шаахай, “Мах сервис” ХХК-ийн “Гүзээний ороомог” шалгарсан байна.
Мөн хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр “Өег” гурил ХХК-ийн “Бүхэл үрийн гурил”, аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр “Дархан минж” ХХК-ийн “Үстэй боловсруулсан үхрийн арьс” тус тус шалгаран шагналаа гардан авч, брэнд, шилдэг бүтээгдэхүүнд лого хэрэглүүлэх гэрээ байгуулж, бүтээгдэхүүнийхээ шошгод байршуулах эрхтэй боллоо.
Ингэснээр ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зах зээлийн өрсөлдөгч байгууллагаас ялгарах, нэр хүндээ өсгөх, өөрийн нэрийн хуудсаа таниулах, амжилтаа тодорхойлох, хэрэглэгч болон гадаад дотоод зах зээлд танигдах, ирээдүйд олох ашиг орлогын баталгаа нэмэгдэж, зах зээлд өрсөлдөх чадвар нэмэх боломж бүрдүүлж чаддаг ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна.
Брэнд бүтээгдэхүүний шагналыг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Б.Цэвээндорж, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Баярсайхан нар гардуулан өглөө.
2011 оноос хойш брэнд бүтээгдэхүүнээр 10 аж ахуйн нэгжийн 14 нэрийн бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр 10 аж ахуйн нэгжийн 15 бүтээгдэхүүн, хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр 13 аж ахуйн нэгжийн 20 бүтээгдэхүүн тус тус шалгарсан байна.