ЗАВХАН: Хүүхдийн унших дадал номын зургаас эхэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-11 13:32:35

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Бэгзийн Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын сан соёлын бүтээлч сарын аяныг бүх насныханд зориулж 7 сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.


Энэ сарыг дуустал 7 хоногийн 6 өдөр үлгэрээ сонсоцгооё, англи хэлээрх ном уншлага, ном уншихын ач тус, ном сэлбэн засах сургалт, ажил мэргэжлийн чиг баримжаа, Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн уралдаан, 24 сумын номын санчдад зориулсан зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм.


Соёлын бүтээлч сарын эхний үйл ажиллагааг цэцэрлэгийн насныханд зориулж 270 гаруй хүүхдэд үлгэрээ сонсоцгооё чанга уншлага зохион байгууллаа.


Тухайлбал Улиастай сумын 1-р цэцэрлэгийн сургуулийн өмнөх насны таван бүлгийн 170 хүүхдэд монгол ардын үлгэр, танин мэдэхүйн номоор чанга уншлага хийж, ном унших сонирхол төрүүлж, ирээдүйн уншигч болгох эхлэлийг тавьсан. Мөн үлгэрийг уншиж таниулахаас гадна хүүхэд бүртэй харилцан ярилцах, төсөөлөн бодох чадварыг сорьсон асуулт хариултыг явуулсан юм. Оролцогч хүүхэд бүрд энэ үйл ажиллагаа сонирхолтой байхаас гадна, хүүхэд бүр асуулт асууж байсан нь зурагт ном, чанга уншлага ямар үр дүнтэй болохыг харуулсан нь сайшаалтай.


Насанд хүрсэн уншигчид бичвэрээр утгыг ойлгож, үнэлэлт дүгнэлт өгдөг. Харин үсэг мэдэхгүй хүүхдүүд сонсож, зургаар дамжуулан агуулгыг мэдэрч ойлгон, тогтоож, цааш ургуулан уншдаг шүү дээ.


Үлгэрийг уншиж өгснөөр ургуулан бодох сэтгэхэд нь маш сайн нөлөөтэй байдаг. Гэтэл бид ном уншихыг өөрсдийн шалгуураар шүүж, олон үлгэртэй, эсвэл их бичвэртэй, зузаан номыг хүүхдүүддээ хайдаг. Үсэг сурсны дараа болно гээд бага насны хүүхдүүддээ ном авч өгөх, уншиж өгөхийг хойшлуулах нь буруу юм.

Уг нь хүүхдийн унших дадал номын зургаас эхэлдэг. Бага насны хүүхдүүдэд зурагт ном үзүүлж, үлгэр, зохиолуудыг уншиж, тухайн дүрийн үйлдэл, зан байдлыг тайлбарлах нь мэдрэмжийг хөгжүүлдэг.


Хүүхдүүд номоос зургийг ажиглаад, сонсоод өөрт төрсөн мэдрэмж, бодогдсон бодол, уран сэтгэмжээрээ түүхийг үргэлжлүүлэн төсөөлдөг.


Зохиолын дүрүүдэд нэр өгөх, ямар үг хэлэхээ сонгох, харилцан яриа үүсгэх зэргээр илүү чөлөөтэй сэтгэдэг. Тиймээс цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ном уншиж өгөхийн ач тусыг эцэг эхчүүд, багш нарт мөн таниулж байна гэж Завхан аймгийн Номын сангаас мэдээлэв.

 

Улиастай сумын 1-р цэцэрлэгийн хүүхдүүдэд зурагт ном таниулж байна


Улиастай сумын 1-р цэцэрлэгийн анги бүр ардын өв уламжлалаа таниулах булантай


Зурагт ном таниулах, Монгол ардын үлгэр уншиж өгөхдөө үндэсний дээл хувцсыг мөн таниуллаа

Холбоотой мэдээ