БАЯНХОНГОР: Салхи говийн нутгаар зарим үед 18 м/с хүрч ширүүсч шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арванэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өнөөдөр хангайн уулархаг нутгийн ихэнх, хээр тал, говийн нутгийн зарим газраар, 10-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар цас орохыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Энэ сарын 9-нөөс нийт нутгаар хүйтэрч, салхи 11-нд говийн нутгаар 9-14 м/с, зарим үед 18 м/с хүрч ширүүсч шуурга шуурна. Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд агаарын температур Заг, Байдраг, Гурванбулагийн нутгаар өдөртөө -6-11 хэм, шөнөдөө -23-28 хэм хүрч хүйтрэх бол хангайн уулархаг нутгаар шөнөдөө -16-21 хэм хүйтэн, өдөртөө -4 -9 хэм хүйтэн байх юм байна. Харин Алтайн салбар уулс, хээр талын нутгаар шөнөдөө -12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө -8-13 хэм, өдөртөө 0+5 хэм дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -3-8 хэм, өдөртөө +6+11 хэм дулаан байна.
Ташрамд, Цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг тооцоолдог байна. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг байна.