ЕБС-иудын хэрэглэж байгаа технологийн платформууд хүртээмжтэй бус байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Боловсрол: "Чанар, Санхүүжилт, Хариуцлага" иргэний нийгмийн үндэсний 14 дэх чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус чуулган хүний өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх
үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр болсон боловсролын асуудлаар хийсэн хүний
эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээг олон нийтэд танилцуулан,
боломжит шийдлийг тодорхойлж бодлогод нөлөөлөх зорилготой.
Чуулганаар Тэгш хамруулах боловсролын бодлогын хэрэгжилт
сургууль дээр, анги танхимд хэрхэн хэрэгжиж, хүүхдүүд, эцэг эх, асран
хамгаалагчдын амьдралд ямар үр нөлөөг үзүүлж байна вэ?
Боловсролын бодлого, төсөв санхүүжилт аливаа ашиг сонирхлоос
ангид байж, хуваарилалтын шударга ёсыг хангаж чадаж байна уу?
Монгол Улсын Засгийн газар "сурч боловсрох эрх"-ийн чиглэлээр олон улсын тавцанд авсан амлалтаа биелүүлэхэд анхаарч байна уу? зэрэг асуудлыг хөндөн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид тавих юм.
Энэ үеэр “Youthlead Mongolia” ТББ-ын хөтөлбөрийн ажилтан С.Сийлэн "Монголын боловсрол дахь технологийн шийдлүүд" залуусын түргэн үнэлгээний үр дүнг танилцуулав. Тэрбээр, “ЕБС-иудын хэрэглэж байгаа технологийн платформууд нь бүгдэд хүртээмжтэй байгаа эсэхийг судалсан. Харамсалтай нь ялгаатай хэрэгцээтэй бүлгүүдэд, тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, интернэтгүй, ухаалаг утасгүй, дата авах боломжгүй хүүхдүүд эдгээрийг хэрэглэх боломж хомс. Мөн ил тод байдал анхаарал татаж байна” гэв.
Чуулганы зохион байгуулагчаар "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл ажиллаж байгаа бол "PRINCESS" center, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, The LGBT Centre (Mongolia), APDC Mongolia Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Youth LEAD MNG, Хөөрхөн Зүрх ТББ - Beautiful Hearts Against Sexual Violence зэрэг боловсрол эвслийн гишүүн байгууллагууд, салбар зөвлөл, төр болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.