ӨВӨРХАНГАЙ: Томуугаар 5 хүртэлх насны хүүхдүүд илүү их өвчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-07 10:06:56

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл идэвхжлийн түвшинд байна.


Амбулаторийн үзлэгийн 11811 буюу 5.8 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өвчлөлийн 85.7 хувийг 15 хүртэлх насынхан, энэ дотроо 71.7 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байгаа юм. Энэ нь өмнөх долоо хоногоос 6.9 хувиар нэмэгджээ.


Томуу, томуу төст өвчлөл нь олон төрлийн вирусээр үүсгэгддэг бөгөөд эхний шинж тэмдэг нь халуурах, хамраас шингэн нус гоожих, хамар битүүрэх, ханиалгах явдал юм.


Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавьж, бага насны хүүхдийг дэлгүүр, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт, ороолт зүүлгэх, ариун цэвэр сахих, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэж, халуун бүлээн шингэн зүйл уулгах, гэртээ чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, агаар сэлгэж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. 

Холбоотой мэдээ