Мельбурны Хууль зүйн сургуультай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль Австрали Улсын Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, монгол оюутнууд дэлхийн түвшний боловсрол эзэмжих боломжтой боллоо.
Тус гэрээнд Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор Жианлин Чен, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа гарын үсэг зурав. Гэрээний дагуу МУИС-ийн гуравдугаар курс төгссөн, шилдэг хоёр оюутныг Мельбурны Хууль зүйн сургуульд сургах юм. Монгол оюутнууд амжилттай суралцвал МУИС болон Мельбурны Их сургуулийн хос дипломтой төгсөнө.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа ярихдаа, “Мельбурны Хууль зүйн сургууль нь дэлхийд ТОП 10-д жагсдаг нэр хүндтэй. Манай оюутнууд энэхүү нэр хүндтэй сургуульд суралцах боломжтой болж байгаа нь маш сайхан үйл явдал. Тус гэрээгээр дамжуулаад Австралийн их сургуулиуд, ялангуяа Мельбурны их сургуультай олон талт хамтын ажиллагааг цаашид хэрэгжүүлнэ гэж найдаж байгаа”-гаа илэрхийлсэн юм.
Мөн багш
солилцоо, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа зэрэг олон талаар хамтран ажиллах
зорилготойг Мельбурны Их
Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор Жианлин Чен энэ үеэр онцолж байлаа.
Мельбурны Их сургууль нь 1853 онд Австрали улсын Викториа мужид байгуулагдсан хамгийн
ууган Их сургууль юм. Тус их
сургууль 40 мянга орчим оюутан,
6 мянган багш,
ажилтантай бөгөөд урлаг, хүмүүнлэг, биоанагаахын шинжлэх ухаан түлхүү
хөгжжээ. Австралийн 4
Ерөнхий сайд, 5 ерөнхий захирагч Мельбурны их сургуулийг төгссөн бол Нобелийн 8 шагналтан тус сургуульд багшилж, суралцаж,
судалгаа хийж байжээ.