Орон сууцны цахилгааны самбараас гал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-18 14:34:57

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын 12 дугаар багийн нутаг дэвсгэр дэхь 16 давхар орон сууцанд өнгөрсөн шөнийн 23 цаг өнгөрч байхад гал гарч тус байрны оршин суугчид угаартах аюулд өртжээ.

Энэ талаар аймгийн Онцгой Байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх төвийн дарга, Онцгой байдлын дэд хурандаа Б.Ганхүүгээс тодрууллаа.

Тэрээр, “2016 оны 10 дугаар сарын 17-ны оройн 23 цаг 45 минутад манай албанд 16 дугаар давхар байрны 5, 6 дугаар давхрын цахилгааны самбараас гал гарч байна гэсэн дуудлага өгсний дагуу ГТУА 22 дугаар ангийн нэгдүгээр тасаг очиход тус байрны нэгдүгээр давхарын цахилгааны ерөнхий самбар, хоёрдугаар давхар болон 8-16 давхар хүртэл цахилгааны самбар шатаж наймдугаар давхраас дээш их хэмжээний утаажилттай байсан тул нэмэлт хүч дуудсанаар тус ангийн хоёрдугаар тасаг ирж хүч хавсарч ажилласан. Гал унтраах тасаг наймдугаар давхар хүртэл 80 м-т байлдааны тархалтыг хийж  цахилгааныг нь салгаж гал унтраах, аврах ажиллагаатай хослуулж явуулсан. Тус байрны 6-12 давхар хүртэлх орц утаажилттай, 13-16 давхар хүртэл бүүр их хэмжээний утаажилттай байсан тул нийт 300 орчин иргэдийг аварч аюулгүй бүсэд гаргаж салхилуулж цонх нээлхийг онгойлгож утааг зайлуулж агааржуулах зэргээр гал түймэр унтраах, аврах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллалаа. Угаартсан байх магадлалтай 13 иргэнийг аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэж зургаан иргэнд хордлого тайлах эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирсан гэсэн мэдээг Яаралтай тусламжийн тасгийн их эмч Н.Тэмүүжинээс хүлээж авсан. Одоо ямар нэгэн хүндрэлгүй оршин суугчид хэвийн амьдарч байна” гэв.

                                                                                                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ