Иргэд ус, хүнсний савны хэрэглээ, тэмдэглэгээний мэдлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-18 02:55:32

Завханы төв Улиастай суманд “Ус” дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд сургалт боллоо.

Сургалтад Улиастай сумын зургаан багийн иргэдийн төлөөлөл 90 гаруй иргэн, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, ус түгээдэг байгууллагын ажилтан албан хаагч 120 гаруй хүн оролцжээ.

Сургалтын хүрээнд Завхан аймгийн “Ус” дэд хөтөлбөрийн талаар иргэдэд танилцуулж иргэдийн усны хэрэглээний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж Улиастай хотын усны аюулгүй байдлыг хангах, гэр хорооллын иргэдийн усны хэрэглээний мэдлэгийг нэмэх зөв дадлыг олгох олон талын мэдлэгийг иргэдэд олгожээ. Мөн үеэр сургалтанд оролцогчид усны бохирдох шалтгаан, ус хүнсний савны хэрэглээ, тэмдэглэгээ, усны савыг цэвэрлэх арга, усаа хайрладаг уламжлалт ёс заншил, зан үйл, ус уухын ач тус гэж юу вэ, хэн хэрхэн юу хийх, хэнд яаж нөлөөлөл үзүүлэх, зан үйлээ хэрхэн өөрчлөх талаар санал сэтгэгдлээ хуваалцаж баг бүр үүрэг амлалт авч хэрэгжүүлэхээр болжээ.

Цаашид усаа хайрлах монгол уламжлалт ёс заншлыг хүүхэд залуусдаа үлгэрлэж зөв дадлыг олгохыг уриалж үүрэг, амлалтаа сар бүр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчлахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар Завханы цэвэр усны нөөцөд буй гадаргын усны 23 хувь, гүний усны 10 орчим хувь нь ширгэсэн гэсэн тооцоо байна. Түүнчлэн хөдөөгийн малчид ундны усны чанарын стандартад нийцэхгүй хатуулаг ихтэй уснаас ууж байна. Аймгийн хэмжээнд 21 сум гүний худгаас ундны усаа хэрэглэдэг бол 14 сум нь улирлын чанартай гол горхи рашааны усаар хэрэгцээгээ хангадаг судалгаа байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ