Саажилттай хүний гар, хөлийн мэдрэмжийг сэргээх протез зохион бүтээжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
adiyakhuu@montsame.mn
2016-10-14 15:30:26

ВАШИНГТОН./TASS/. Саажилттай хүн өөрийнх нь хуруунд юм хүрч байгааг тусгай протезийн тусламжтайгаар мэдрэх боломжтой болжээ. Ийм туршилтыг АНУ-ын Пенсильвани муж улсын Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд хийсэн байна.

Эрдэмтэд протезоос ирж буй дохиог хүлээн авах бичил электродуудыг 30 настай Нейтан Коупленд гэдэг хүний тархинд суулгажээ. Тусгай протезийн хуруунд хүрэх үед Коупленд өөрийнх нь саажилттай хурууг атгаж байгааг мэдэрсэн байна. Энэ нь протезоос ирж буй дохио гэмтсэн нугасаар дамжилгүйгээр тархинд хүрчээ гэсэн үг.

Хэдэн сарын турш үргэлжилсэн олон удаагийн туршилтын явцад энэ үйлдэл амжилттай болсон байна. Энэ тухай “Вашингтон пост” сонинд бичихдээ “энэ бол хөл гар нь саажилттай хүмүүсийн хувьд жинхэнэ огцом дэвшил юм” гэжээ. Ирээдүйд энэ протез нь саажилттай хүмүүст зөвхөн хөл гараа хөдөлгөх төдийгүй хөдөлгөөнөө мэдрэх боломж олгох юм.

Н.Коуплендын оролцсон туршилтыг хийж байх үеэр Ерөнхийлөгч Б.Обама Питтсбургт томилолтоор ажиллаж байжээ. Тэрбээр Коуплендтай гар барьсныхаа дараа “энэ бол үнэхээрийн гайхамшигтай зүйл байна. Та бүхнээр бахархаж байна” гэж хэлжээ.

Н.Коупленд 10 жилийн өмнө автомашины осолд орсны улмаас түүний хөл гар нь саажсан байна.  

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ