Ж.Байден, К.Стармер нар Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-09-14 11:39:31

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 14 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерыг баасан гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзлаа.


АНУ-Их Британийн уулзалтаар холын зайн тусгалтай пуужингаар ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхийг Киевт зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцжээ. Ийм пуужингаар цохилт өгөхийг зөвшөөрөхийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ, Их Британийн удирдагчдад уриалж байгаа юм. 


Хоёр улсын удирдагчид Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалсаар байгаа Украин улсыг тууштай дэмжинэ гэдгээ дахин нотлов. Мөн Иран, БНАСАУ-аас Орост зэвсэг нийлүүлж, БНХАУ Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт дэмжлэг үзүүлж байгаад ихээхэн түгшиж буйгаа илэрхийлжээ.


Ж.Байден, К.Стармер нар мөн Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрч, барьцаалагдсан хүмүүсийг суллах зайлшгүй шаардлагатай байгааг дахин нотоллоо. Түүнчлэн Иранаас дэмжлэг авдаг Йемений хути зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист худалдааны хөлөг онгоцууд руу халдсаныг буруушаав.


АНУ-ын Ерөнхийлөгч, Их Британийн Ерөнхий сайд нар мөн цэвэр эрчим хүч, дэвшилтэт технологийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаа, хоёр орны эдийн засгийн бат бөх харилцааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцжээ. 


Холын зайн тусгалтай пуужингийн талаарх Украины хүсэлтийг “хэлэлцэж байна” гэж Ерөнхийлөгч Ж.Байден мягмар гарагт мэдэгджээ. Хэрэв барууны зэвсгээр Орос орны гүнд цохилт өгөхийг зөвшөөрвөл барууны орнууд дайнд шууд оролцоно гэсэн үг юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ж.Байден, К.Стармер нарыг хэлэлцээ хийхийн өмнө пүрэв гарагт мэдэгдсэн байна. 


Их Британийн Ерөнхий сайд түүний Хөдөлмөрийн нам нь долоодугаар сард болсон сонгуульд ялснаас хойш хоёр дахь удаагаа Вашингтонд айлчилж байна.

Холбоотой мэдээ