Антонио Гутерришийг НҮБ-ын тэргүүнээр сонголоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-10-14 09:46:15

НҮБ. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей Португалийн Ерөнхий сайд асан Антонио Гутерришийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэй сонголоо.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар Антонио Гутерришийг сонгох санал дэвшүүлснийг Ерөнхий Ассамблей өчигдөр хэлэлцэж, санал хураасан байна.

Гутерриш нь өмнө нь Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссараар ажиллаж байжээ. Тэрбээр Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ, өнгөрсөн 10 жилийн хугацаанд мөргөлдөөний бүс, дүрвэгсдийн хуаранд очиж, нэн ядуу, хүнд нөхцөлд байгаа хүмүүст учирсан зовлон бэрхшээлийг нүдээр харснаа онцлон дурдаад, олон улсад тулгамдсан асуудлыг нэр төртэйгөөр зохицуулах алхмыг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгоно гэж мэдэгджээ.

Харин НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ, өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн дахинд гарсан маргаантай асуудлууд, аюулыг зохицуулах тал дээр ихээхэн ахиц дэвшил гаргасан НҮБ-ыг Гутерриш удирдахаар болсон нь туйлын гайхалтай сонголт мөн гэжээ.

Гутерриш нэгдүгээр сарын 1-нээс үүрэгт ажлаа хүлээн авч, таван жилийн хугацаанд НҮБ-ыг удирдах юм.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ