ДОРНОГОВЬ: Сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төслийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-09 11:35:31

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт 130 MBт-ын хүчин чадалтай нар, салхины сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төслийг хэрэгжүүлж байна.


Товчхон дурдвал, Замын-Үүдэд Японы “Шигемицү Шожи” болон “Шарп корпораци”, Монголын “Эрчим тээг” компанийн хөрөнгө оруулалттай 15 МВт-ын хүчин чадалтай “Гэгээн” станц, мөн 2024 онд ашиглалтад орсон “Эрдэнэ” нарны станц /нийлбэр дүнгээр 30 МВт/, Сайншанд суманд “Дезерт солар пауэр вуан” ХХК-ийн 30 МВт-ын хүчин чадалтай “Говь нарны цахилгаан станц”, “Сайншанд салхин парк” ХХК-ийн 55 МВт-ын хүчин чадалтай салхин станц тус тус ажиллаж эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм.


Дэлхийн улс орнууд шатдаг түлшнээс эрчим хүч гаргаж авахаас аль болохоор татгалзаж ногоон үйлдвэрлэл буюу сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлж буй. Тэр тусмаа салхины эрчим хүчийг Европын орнууд болон АНУ-д өргөнөөр ашиглаж байна. Манай улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг одоо байгаагаас 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа.


Мөн Парисын хэлэлцээр зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад чиглэсэн, олон улсын конвенцод нэгдэн орсон. Монгол Улс дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой  бодлого дэвшүүлж буйн нэг жишээ нь энэхүү сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үйл явц юм. 

Холбоотой мэдээ