Шадар сайд У. Хүрэлсүх Мандалговийн иргэдтэй уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭМонгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх өнөөдөр Мандалговь хотын иргэдтэй уулзлаа. Тэрээр улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад Засгийн газар ямар бодлого чиглүүлж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт муу, энэ оны эцсээр 1.3 хувьтай гарах төлөвтэй байгааг дуулгаад эдийн засгийн хүндрэлийг давахад амаргүй, гэвч иргэддээ ачаа үүрүүлэхгүйгээр даван туулах бодлогыг Засгийн газар баримтлан ажиллаж байна гэлээ.
Улсын төсөв 4.3 их наяд төгрөгийн алдагдалд орж, гадаад валютын сан хасах 400 сая ам.долларт хүрсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 25 дахин буурч, банк санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн хэмжээ өссөн. Улс орон 53 их наяд төгрөгийн өртэй болж, улсын өр ДНБ- ийн 55 хувиас илүүгүй байхаар хуульчилсан хэдий ч өнөөдөр 88 хувьтай нь тэнцээд байгаа. 134 мянган аж ахуйн нэгжийн 66 мянга гаруй нь дампуурч, үүнийг дагаад ажилгүйдэл өссөн. Зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 147 мянгад хүрсэнийг Шадар сайд мэдээлэлдээ дурьдсан юм.
Эдийн засгийн өнөөгийн хүндрэл нь тооцоо судалгаагүй ажил, уялдаа холбоогүй бодлого шийдвэр, сахилга хариуцлагагүй байдлаас үүссэн. Төрийн ажлыг хувийн компанийн ажил мэт явуулсан. Төсвийн сахилга бат алдагдсан. Алдаатай бодлогын эцсийн үр дүн ийм хүндрэлийг авчирсан хэмээв.
Нэгэнт үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах үүрэг Засгийн газарт тулгарч байна. Засгийн газрын 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр эдийн засгийн хүндрэлийг давж, тогтворжуулахад чиглэж байгааг тэрээр онцолсон юм. “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөр, “Атрын 3-р аян”, “Мах сүүний анхдугаар аян”, Мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Томоохон төслүүд, тухайлбал газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэлийг дотооддоо бий болгоно.
Ахмад настнуудад үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээг сайжруулж, эдийн засгийн тооцоо, судалгаан дээр үндэслэн 70-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа 100-300 мянган төгрөгийн тэтгэмжийг олгоно. Мөн их дээд сургуулийн оюутан, тэдний ар гэрт эдийн засгийн бодит дэмжлэг болохын тулд “Боловсролын зээлийн сан”-г байгуулж, энэ онд 90 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Ирэх онд 101.5 тэрбум төгрөгийг үргэлжлүүлэн тусгана. Оюутнууд сургалтын төлбөрийн зориулалтаар зээл авч сургуулиа төгссөнөөс хойш 4- 5 жилийн хугацаанд зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр “Боловсролын зээлийн сан”- гаас дэмжлэг авна.
Түүнчлэн төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь олгодог 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг 2016 оны төсвийн хүндрэлтэй холбоотойгоор түр цуцлаад байгаа хэдий ч 2017 оны 1дүгээр сарын нэгнээс эхлэн хэвийн үргэлжлүүлнэ.
Орон сууцны ипотекийн зээлийг ч мөн хэвийн үргэлжлүүлнэ. 80 гаруй мянган иргэн ипотекийн зээлд хамрагдаж, эргэн төлөлт нь 97 хувьтай байгаа, бодит үр дүнгээ өгч байгаа хөтөлбөр учраас энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ.
Шадар сайдын ажлын хэсэгт УИХ- ын гишүүн Л. Энхболд, Зам тээвэр хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмий хамгаалалын яамны төрийн нарийн бичгийн дарга нар болон бусад албаны хүмүүс багтсан байна. Уулзалтын үеэр иргэд ажлын хэсэгт хэд хэдэн санал хэлсэн юм.
Тухайлбал, Дундговь аймгийн мал, махны чанарыг түшиглэн мах бэлтгэн боловсруулдаг үйлдвэр байгуулах, нэг ийм томоохон үйлдвэрийг төрөөс дэмжин байгуулчихвал орон нутгийн эдийн засаг өсч, ажилгүйдэл буурна. Мөн таана, хөмүүлээр малын тэжээл хийдэг үйлдвэртэй болох боломж ч бий гэлээ.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн бодлогыг эргэж харахгүй бол өнгөрсөн зургадугаар сараас хойш хөгжлийн бэрхшээлтэй олон иргэн тэтгэмжээсээ хасагдаж байгааг дуулгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмжих хэрэгтэйг хэллээ.
Т. Отгонтуяа