"Манж ном бичиг" үзэсгэлэнг энэ сарын 13-ныг хүртэл гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2024-09-02 16:38:39

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. МУИС-д манж хэл бичиг зааж эхэлсний 80 жилийн ойг тохиолдуулан "Манж судлал-2024" олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг наймдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулсан. 

 

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Үндэсний номын сангаас "Манж ном бичиг" үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл гаргаж байна. Үндэсний номын сангийн сан хөмрөгт манж бичгийн 6600 гаруй дурсгал хадгалагдаж байгаагаас тус үзэсгэлэнд түүх, хууль цааз, уран зохиол, хэл шинжлэл, толь бичиг, шашин, гүн ухаан, анагаах ухаан, албан бичиг, зарлиг өргөмжлөл зэрэг ангилалд хамаарах гар бичмэл, барын ном судраас дээжлэн дэглэсэн байна. Мөн манж хэлтэй холбоотой судалгаа шинжилгээний бүтээл, толь бичиг, ном зүйн бүртгэл зэрэг хэвлэмэл бүтээлийг дэлгэсэн аж.

 

Манж судлал нь монголчуудын XVII-XIX зууны түүхэн баримт, сурвалж судлалын хувьд онцгой ач холбогдолтой. Уг үзэсгэлэн үнэ төлбөргүйгээр эрдэмтэн судлаачид, уншигч олны хүртээл болж байна.






 

 

Холбоотой мэдээ