Аялагч Тим  Көүпийг “Найрамдал” медалиар  шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-13 15:06:28

Адал явдалт аялалын ном, киногоороо дэлхийд танигдсан Австралийн  иргэн Тим Көүпийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Найрамдал”  медалиар шагнасныг өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гардуулав.

Тэрбээр 2004-2007 онд Хархориноос  Унгар хүртэл  “Чингис хаан болон  XIII зууны нүүдэлчин монголчуудын мөрөөр”   аялал хийж, “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном бүтээжээ. Уг ном нь Австрали, АНУ, Канад, Их Британи, Герман зэрэг улсуудад олон тоогоор худалдаалагдаж, 2013 оны Банфф олон улсын уулчдын ном, киноны фестивалаас “Шилдэг адал явдалт аяллын ном” шагнал авчээ. Уг бүтээлийг нь үнэлж Монголын аялал жуулчлалын элч төлөөлөгч, Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байв.

Тим Көүп 1998-1999 онд “Арктик, Финландын ойн бүс болон Оросын Баруун Хойд бүсэд зэрлэг талын хөтөчийн сургалт” 10 мянган км дугуйн аялал, 2001 онд Сибирээс Хойд мөсөн далай хүртэл завиар аялж байжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ