ЗАВХАН: Голын улааны рашааныг намрын улиралд хүртэх нь сайн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-08-30 09:59:20

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ургамал сумын нутагт орших газрын гүнээс оргилох рашаан нь улаан хоолойг анагаах шидтэй.


Ургамал сумын нутагт зах нь харагдахгүй зэрэглээ татсан говийн элсэн дунд гурван улаан хадан уул бий. Талын гурван улаан гэж нэрлэх 3 уулыг Голын улаан, Баян улаан, Сүвэн улаан хэмээн нэрийддэг. Гурван улаан уулын Голын улаанд хүний биед нэн хэрэгцээтэй эрдэс бодистой рашаан бий.


Харцагатын худгаас 35 км яваад Хүнгийн голын хойд талд орших боржин уулын гүнээс хүний улаан хоолой залгиур мэт хэлбэртэй чулууны завсраас ундрах өвөрмөц тогтоцтой рашаан юм.


Энэ рашаан нь хүхэрлэг чанартай, нутгийн ард түмэн дээр үеэс хоолой, дотрын өвчнийг анагаахад хэрэглэж иржээ. Рашааныг түшиглэн 15 ортой амралтын газрыг барьж ашиглалтад оруулсан байна. Энэ рашаан нь намрын улиралд хүртэхэд шид ихтэй бөгөөд зуны адаг, намрын сард рашааныг хүртэх иргэдийн цуваа тасардаггүй газар юм.


Уг рашааныг хүртэхээр Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан, Ховд, Увс гээд уугуул нутгийнхнаас гадна жилд 300 орчим хүн ирдэг.


Рашааныг хүртэж эхэлснээс хойш гурван жил дараалан хүртвээс өвчин нь бүрэн арилдаг хэмээн нутгийнхан амрагч, аялагчдад зөвлөдөг байна. Мөн рашааныг уухаас гадна ойр орчмын байгалийн сайхныг үзэж, нутгийн малчдын хотноос ингэний сүү авч эмчилгээ хийлгэж болох юм. Рашаан нь Ургамал сумын төвөөс зүүн зүгт 30-40 км-т байрладаг. Ургамал сум нийслэл хотоос 1236 км, аймгийн төвөөс 236 км алслагдсан.


 Завхан аймаг, Ургамал сум, Хүнгий гол, Талын Гурван улаан ууланд байх Голын улааны рашаан

Холбоотой мэдээ