ЗАВХАН: Амьтдын судалгаа байгаль хамгаалах ажилд чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймаг улсын тусгай
хамгаалалттай болон байгалийн цогцолборт газруудын биологийн төрөл зүйлийн
судалгааг тогтмол хийж байна.
2013-2023 оны судалгаагаар хөхтөн амьтан 23 зүйлийн 2212 бодгаль, жигүүртэн 14 овгийн 24 зүйлийн 5000 бодгаль тус тус тэмдэглэгдсэн байна. Судалгааны үр дүнд нийт 47 зүйлийн 6212 бодгалийг бүртгэжээ.
Өнгөрсөн онд төлөвлөгөөний дагуу ойн туруутан, уулын туруутан, шувууд, махчин амьтад болон тарваганы судалгаануудыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү биологийн төрөл зүйлийг илрүүлэх судалгааг Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газруудад Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хийсэн. Мөн Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газарт ус намгархаг газрын шувуудын судалгааг тус тус хийсэн.
2013-аас 2023 онд хийж гүйцэтгэсэн судалгаа шинжилгээг шугаман болон цэгэн тооллогын арга зүйгээр хийсэн байна.
Тухайлбал цоохор ирвэсийн ул мөр болон түүний идэш тэжээл бологч амьтдын судалгааг нэг хаягийн судалгааны арга зүйг ашиглан хийсэн.
Ингэхдээ Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг, Ямаатын Алаг хад, Идэр, Тэгшийн голын эх, Туна, Жаргалант уулын амаар хийсэн.
Ойн туруутны
судалгааг жил бүр хийж шугаман
трансектийн арга зүйг ашиглан 20 удаа, цэгэн тооллогын арга зүйг ашиглан 14 удаа хийсэн байна.
Уулын туруутны судалгааг цэгэн тооллогын арга зүйг ашиглан 6 удаа, шувууны судалгааг 10 удаа хийсэн байна. Түүнчлэн 2020-оос 2023 онд эдгээр газруудад ургамлын судалгааг гурван удаа хийсэн байна. Ер нь судалгаа шинжилгээг тогтмол хийх нь үр дүнтэй байдаг.
Байгаль хамгаалах ажилд судалгаа их чухал юм. Учир нь, тухайн газар нутгийн байгалийн онцлог, биологийн олон янз байдлын мэдээлэл, зүйлүүдийн уялдаа холбоог мэдэж авснаар хамгааллын оновчтой аргыг сонгох боломж бүрддэг юм.
Мөн жил бүр мониторинг судалгаа хийх нь тухайн орчны өөрчлөлт, амьтдын өсөлт, хорогдол түүнд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг тодорхойлох зэрэг чухал ач холбогдолтой юм гэж Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ, мэдээллийн сангийн мэргэжилтэн Х.Цэгмидзаяа мэдээлэв.
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн амьтдын байршил
Амьтдын судалгааг камер байршуулж мэдээлэл цуглуулдаг
Судалгааны ажилчид байгаль хамгаалагчид камер байршуулж байна