БУЛГАН: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит Хишиг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулан хүүхэд багачуудыг эрүүл аюулгүй орчинд сурч боловсроход нь туслах зорилгоор сургуулийн өмнөх 0.2 га талбайг Түүх нийгмийн ухааны багш Д.Лувсангалсангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан байна.
"Цэцэрлэгт хүрээлэн үнэхээр сайхан, олон хүний сэтгэл зүтгэл, нөр их хөдөлмөр шингэсэн ойн баяр, сургуулийг минь чимсэн бүтээн байгуулалт боллоо" гээд энэхүү бүтээн байгуулалтыг санаачлан зохион байгуулж ажилласан үр хүүхдүүд, ач зээ нар, багшийн сайхан шавь нарт нь сургууль хамт олны зүгээс талархал дүүрэн буйгаа Сургуулийн захирал Ч.Алимаа бахархан ярьж байна.
Харин бүтээн байгуулалтыг санаачлан хийсэн ахмад багш Д.Лувсангалсан агсны хүүхдүүд: "Бидний аав Д.Лувсангалсан түүх, нийгэм судлалын багшаар олон жил ажиллаж, түмэн олон шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээн ажилласан. Шавь нар нь аавын минь тухай гэгээн дурсамж, гэрэлт мөчүүдийг дурсан санаж байдагт туйлын их талархаж байдаг. Тиймээс бид аав ээжийнхээ дурсгалыг хүндэтгэж бодит бүтээн байгуулалт хийхээр зорьсон юм.
Таван сараас хойш бид бүхэн өөрсдийн хүч хөрөнгө, цаг заваа зориулж 11 төрлийн 2000 шахам мод тарьж, талбайг нийтэд нь зүлэгжүүлэхээр 20кг үр суулгаж, 350 гаруй цэцэг тарилаа. Мөн ая тухтай байдлыг хангаж 2 сүүдрэвч барьсан. Манай сургуулийн хүүхдүүд сүүлийн үeд шатар их тоглодог. Тиймээс чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь зориулж шатар суурилууллаа.
Биднийг дэмжин ажилласан бүх л хүмүүст баярлаж буйгаа илэрхийлээд цаашид зүлэг ногоо бүхий энэ талбай хүүхэд бүрийн өнжин саатах гэгээн дурсамжаа үлдээх хамгийн дуртай орчин нь байна гэдэгт итгэж буйгаа хэллээ.