Төмөр замчдаас нэг, АПУ-гаас гурван гавьяат төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-31 15:44:32

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн одон медаль гардууллаа.


Тодруулбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, “АПУ” хувьцаат компани үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнд төрийн дээд цол, одон, медалиар шагнасан байна.


Гавьяат тээвэрчин цолоор “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Зорчигч тээврийн албаны дарга Д.Пүрэвсүрэнг шагнав. Тэгвэл 100 жилийн түүхтэй АПУ компаниас Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Л.Аваасүрэн, ахмад ажилтан Б.Содномпэлжээ, Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг нарыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор энгэрийг нь мялаалаа.


Түүнчлэн АПУ компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг Сүхбаатарын одонгоор шагнасан байна. Үүнээс гадна эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажилласан дээрх хоёр байгууллагын 20 хүнд төрийн дээд одон медаль гардуулжээ. 







Холбоотой мэдээ