Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг тамирчид Парис хотод хуран цуглаж байна.
Нийт 82 байшин, 4000 гаруй орон сууц, 7200 өрөөтэй тус тосгон 14500 зочин хүлээн авах чадалтай. Хоол, тамирчдын бэлтгэл, үсчин гээд хүнд хэрэгтэй цөм бүрдсэн газар бий болжээ. Наадмын дараа орон сууцны хороолол, оюутны хотхон, нийтийн цэцэрлэгт хүрээлэн зэргээр ашиглах аж. 16 өдрийн туршид спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчдийг уйдах завгүй байлгах шударга өрсөлдөөн, эв нэгдлийн бэлгэдэл Олимпын наадамд оролцох баг тамирчид Олимпын хотхондоо хүрэлцэн ирж эхэллээ.
Тав хоногийн дараа нээлтээ хийх зуны спортын XXXIII наадамд Монгол Улсаас 32 тамирчин спортын есөн төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Монголын баг тамирчдаас боксын бүрэлдэхүүн “Тамирчдын хотхон”-д өчигдөр хүрэлцэн ирсэн бол маргааш жүдо, усан спорт, хөнгөн атлетик, дугуй зэрэг спортын тамирчид Парисын зүг хүлгийн жолоо залж, хотхондоо байрлана.
Ташрамд дурдахад, зуны XXXIII наадмыг албан ёсоор сурвалжлах Монголын спортын сэтгүүлчдийн баг өнөөдөр өглөө Парисын зүг нислээ. Энэхүү бүрэлдэхүүнд хоёр гэрэл зурагчин, спортын хоёр сэтгүүлч багтаж байгаа юм.