СЭЛЭНГЭ: Цагааннуур сумын 100 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын тариалангийн томоохон
сумдын нэг Сэлэнгэ аймгийн Цагааннуур /Найрамдал САА/ сум өнөөдөр түүхт 100
жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Цагааннуур сум нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослон
хөгжүүлдэг, 53 мянган га газар тариалангийн талбай бүхий улсын нийт ургацын
10 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг Монгол
Улсын тариалангийн томоохон сумдын нэг юм.
Монгол
Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Тариалангийн зарим бүс нутгийг
тогтоох тухай” 131 дүгээр тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрийг тариалангийн
бүс нутаг болгон тогтоожээ.
Хуучнаар
Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу юм. Цагааннуур сум нь Оргих, Хуурч,
Тийрэг гэсэн 3 багтай. 1352 өрх, 5147 хүн амтай, төсвийн болон хувийн хэвшлийн
118 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийт аж ахуйн
нэгжээс 32 аж ахуйн нэгж, 30 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг.
Цагааннуур
сумыг 1924 онд байгуулсан. Ардын хувьсгалын дараа засаг захиргааны
нэгжүүдийг шинэчлэхэд анх байгуулж байсан түүхтэй.
1976
онд атрын 2-р аяны хүрээнд БНМАУ-ын СНЗ-ийн 1976 оны 10-р сарын 19-ний өдрийн
376-р тогтоолоор Түшиг сумын /Зэлтэрийн САА-н/ Цагааннуурын 2-р тасгийг
түшиглэн үр тариа, нарийн ноост хонь, саалийн механикжсан ферм гэсэн аж ахуйн
чиглэлээр Цагааннуур сум, “Найрамдал” САА болгон шинэчлэн байгуулжээ.
Цагааннуур
сум нь газар тариалангийн үйлдвэрлэлээс төрөн гарсан олон баатар,
гавьяатуудын өлгий нутаг гэдгээрээ алдартай.