“Нью-Йорк Таймс” XXI зууны шилдэг 100 номыг нэрлэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК, 2024 оны долоодугаар сарын 17 /Forbes/. Америкийн “Нью-Йорк Таймс” сонины редакц XXI зууны шилдэг 100 номыг тодруулах томоохон төслийг хэрэгжүүлж дуусгажээ.
2000 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэвлэгдсэн утга зохиолын шилдэг бүтээлүүдийг тодруулахдаа тус сонины редакцынхан 500 гаруй зохиолч, шүүмжлэгч, орчуулагч, нийтлэлч, яруу найрагч, уран зохиолд дурлагсдын дунд санал асуулга явуулсан байна. Санал асуулгад Стивен Кинг, Жеймс Паттерсон, Жон Ирвинг, Ник Хорнби, Сара Жессика Паркер, Марлон Жеймс болон бусад олон алдартай зохиолч оролцжээ.
XXI зууны шилдэг 100 номын жагсаалтын эхний байрт Италийн зохиолч Елена Феррантегийн "My brilliant friend" (2012) роман бичигджээ. Энэхүү романд 1950-иад оны Неаполь хотын ядуу дүүргийн хоёр найз бүсгүй Елена, Лила хоёрын амьдралын тухай өгүүлнэ.
Хоёрдугаарт, Америкийн зохиолч Изабель Уилкерсоны “The Warmth of Other Suns” (2010) ном бичигджээ. Энэхүү ном нь 1915 оноос 1970 оны хооронд АНУ-ын өмнөд муж улсуудаас хойд болон баруун муж улсууд руу хийсэн өнгөт арьст америкчуудын их нүүдлийн тухай түүхэн роман юм. Изабель Уилкерсон энэхүү зохиолоороо Пулитцерийн шагналыг хүртсэн Африк гаралтай анхны америк эмэгтэй болсон билээ.
Жагсаалтын гуравдугаарт, Их Британийн зохиолч, Букерийн шагналыг хоёр удаа хүртсэн анхны эмэгтэй зохиолч болох Хилари Мантелийн "Wolf Hall" (2009) ном оржээ. "Wolf Hall" бол XVI зууны үеийн Английн түүхэн дэх улс төрийн нөлөө бүхий зүтгэлтэн Томас Кромвелийн тухай гурамсан романы эхний дэвтэр юм.
Шилдэг 10-т мөн Эдвард Пол Жонсын "The Know World", Жонатан Франзений "The Corrections", Роберто Боланьогийн "2666", Колсон Уайтхедийн "Underground railroad", Винфрид Жорж Зебальдын "Аустерлиц", Казүо Ишигүрогийн "Never Let Me Go", болон Мэрилин Робинсоны "GILEAD" роман багтжээ.