Уяачдын наадмаар сонгомол 214 хүлэг уралдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тулгар
төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо
сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр
наадмын уяачдын наадам Хүй долоон худагт болов.
Уяачдын наадмын үндэсний
бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөх барилдахаас улсын заан
нэг, улсын начин хоёр, аймаг, цэргийн арслан найм, аймгийн заан гурав, аймгийн
начин 11, нийт 48 бөх зодоглохоор бүртгүүлсэн юм.
Тухайлбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын начин Б.Бадамсүрэн, Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж, Сүхбаатар аймгийн Асгат сумын бөх, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх тэргүүтэй бөхчүүд барилдав.
Уяачдын наадамд монгол орны өнцөг булан бүрээс уяач, уралдаанч хүүхдүүд зорин ирдэг. Энэ өдөр сонгомол дээд, дунд нас болон жороо морины уралдаан болов. Сонгомол морьдын уралдааны дээд насанд 71, дунд насанд 59, бага насанд 84, нийт 214 хүлэг уралдлаа.
Сонгомол дунд насны ангилалд
65 хурдан хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн. Улмаар Я.Содбаатарын халтар
морь түрүүллээ. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаяр дээд, дунд
сонгомол насанд хоёуланд нь аман хүзүүнд айрагдав.
Эрлийз буюу сонгомол дээд насны морины уралдаанд 79 хурдан хүлэг шандас сорин хурдалснаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Алдарт Уяач С.Баярсайханы бор дором морь түрүүлж,
- аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаярын буган хээр, чагттай сар морь,
- айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Д.Баттөгсийн хүрэн халзан,
- айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач
Б.Наранбатын халтар,
- айргийн тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач
Б.Бямбадоржийн ухаа хонгор морь оров.
Уяачдын наадмаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар
сайд С.Амарсайхан Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд түрүүлж,
үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдөд бай шагнал, цол чимгийн үнэмлэх гардуулж байна.