УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томилох нь зүйтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-09 15:57:10

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай, УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэв.


Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Рэгдэл даргалж, Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж байгааг танилцуулав. Гишүүн Б.Баярбаатар нь 1981 оны дөрөвдүгээр  сарын 8-нд төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988-1998 онд нийслэлийн 48 дугаар сургууль, 1998-1993 онд Шихихутаг ХЗДС, дүүргэн, 2020-2021 онд Шихихутаг сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2021 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт суралцаж байна. Эрхзүйч мэргэжилтэй. 


2003-2004 онд УИХ-ын Тамгын газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргын туслах, 2004-2006 онд УИХ-ын дэд даргын шадар туслах, 2006-2008 онд УИХ-ын даргын шадар туслах, 2008-2011 онд УИХ дахь МАН-ын бүлэгт ахлах референт, 2011-2012 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2012-2016 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан, 2016-2020 онд МАН-ын Удирдах зөвлөлийн МАН-ын Ажлын албаны намын зохион байгуулалтын газрын дарга, 2020 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.


МАН-аас нэр дэвшүүлсэн Б.Баярбаатарыг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар томилохыг хуралд оролцсон гишүүдийн 78,5 хувь нь дэмжиж, тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа илтгэх юм. 


Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэх, эсэх талаарх байсан бөгөөд 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламентын намрын ээлжит чуулганыг дуустал шинэ дэгээрээ явах тухай саналыг тус Байнгын хороонд ирүүлсэн тул өөрчлөх шаардлагагүй гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хийсэн юм. Чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга санал гаргаж, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай гэв.


Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Очирбат, П.Наранбаяр нар байр сууриа илэрхийлж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг бие даасан бүтэц болгон томруулах шаардлагатайг сануулсан юм. Ингээд УИХ-аас энэ оны 5 дугаар сарын 16-нд баталсан чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг “2024 оны УИХ-ын хуралдааны дэг” хэмээн хүлээн зөвшөөрсөнд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ