БАЯН-ӨЛГИЙ: Өвлөн уламжлагч А.Енбекийн "Таван богд" цуурын аялгуу ном олны хүртээл болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-07-04 08:42:36

Өлгий, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, цуурч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Авдолдагийн Енбекийн "Таван богд" цуурын аялгуу ном олны хүртээл боллоо.


Соёлын яамны дэмжлэгээр хэвлүүлсэн номын нээлтийг энэ сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн орон нутаг судлах Музейн танхимд зохион байгуулав.


Тухайн номыг анх казах хэлээр хэвлүүлсэн бөгөөд энэ удаад монгол хэлээр орчуулан гаргасан байна.


Номд 5 ардын цуурын аялгуу, А.Енбек гуайн өөрийн зохиосон 8 цуурын аялгууны товч танилцуулга, хөгжмийн нот багтжээ. Мөн эдгээр аялгууг цуурчийн тоглосноор аудио бичлэг болгон хадгалсан CD дискийг номд хавсаргасан байна.


Цуурч А.Енбек нь 1960 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт төрсөн ба казахын ард түмний "сыбызгы" буюу цуур хөгжмийг сурталчлах, хойч үед өвлүүлэн үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа ардын авьяастан билээ. Тэрээр 18 насандаа өөрийн эцэг Авдолда, авга ах Халымхан нараас цуур хөгжмийг хэрхэн тоглохыг сурч, түүнээс хойш 35 жилийн турш энэхүү хөгжмийн зэмсгээр дагнан уран бүтээл туурвиж байгаа. Түүний урын санд 20 орчим цуурын ая байдаг.


2010 онд цуурчийн нэрийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэсэн байна. 



Холбоотой мэдээ