Монгол-Туркийн 55 жилийн дипломат харилцааны ололт амжилтыг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-06-20 14:22:45

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улс Бүгд найрамдах Турк Улстай 1969 оны зургаадугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож байв. 55 жилийн дипломат харилцааны ойн эрдэм шинжилгээний хурал “Монгол-Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” сэдвээр ГХЯ-нд өнөөдөр боллоо.





ГХЯ, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, БНТУ-ын ЭСЯ, Турк улсад төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Туркийн Измир Катип Челеби их сургууль хамтран зохион байгуулсан хурлаар хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн өнгөрсөн 55 жилийн хамтын харилцаанд гарсан ололт амжилт, боловсрол, түүх соёлын талаар ярилцлаа.


Хурлын нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож, уг хурал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтойг онцолж үг хэлэв. Түүнчлэн хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон чухал салбарт тэлж буйг дурдаад, харилцааны түвшнийг ахиулах, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг зорьж буйг тэмдэглэв.


Хоёр орны хоорондох улс төрийн харилцааны шинэ үеийн түүхийг сөхвөл 1990 оноос хойш улс төрийн харилцаа  идэвхжин сайжирч, хоёр талаас өндөр хэмжээний түвшинд төрийн айлчлал хийж ирснийг БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш онцолж байлаа.




Манай улсад 1995 онд Турк улсын Ерөнхийлөгчийн анхны айлчлал болж байсан бол 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Турк улсад айлчилж байв. Улмаар хоёр улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаатай болжээ. Ингэснээр бүх салбарт харилцаа холбоо, хамтын ажиллагаа эрчимжиж ирэв.


Монгол Улс, БНТУ-ын тал 2013 онд хоёр орны худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьж байсан бол энэ нь 2022 онд биелэлээ олж, 110 сая ам.долларт хүрчээ. Энэ талаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ойн хуралд оролцон мэндчилгээ дэвшүүлэхдээ мэдээллээ.


Хоёр орны парламент хоорондын харилцаа 2000 оноос эрчимжиж, Монгол Улсын Их хурал болон Туркийн Үндэсний Их хурлын дарга нар харилцан айлчлах болжээ.


Боловсролын салбарт 1992 оноос Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр монгол оюутнуудыг Турк улсад суралцуулдаг болсныг хэллээ. Тухайн үед оюутны тоо 30 орчим байсан бол 2005 онд, Турк улсын ерөнхий сайдын айлчлалын үеэр 50 оюутныг суралцуулдаг болж тоог нэмжээ. Одоогийн байдлаар дээрх тоог 100-д хүргэхээр ажиллаж байна. Ингэснээр БНТУ-д жилдээ 60-70 орчим монгол оюутан Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой болоод байна.


2012 оноос Турк улсын иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрланс” компани Улаанбаатар-Станбулын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хоорондох эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа улам идэвхжиж, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа сайжирч, дэд бүтцийн харилцаанд нэлээн түлхэц өгснийг Монгол дахь “Туркиш Эйрланс” компанийн маркетингийн төлөөлөгч Б.Сарнай өнөөдрийн хурлын үеэр дурдлаа.


2014 онд хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болсон. Ингэснээр мөн хоёр орны хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж, аялал жуулчлалын салбар илүү хөгжих болсныг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Сэлэнгэ дурдлаа.

Хоёр талын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг дүгнэн хэлэхэд, Монгол Улс, Турк Улс Иж бүрэн түншлэлийн харилцаагаа цааш ахиулж, Стратегийн түншлэлийн харилцаанд орох бүрэн боломжтойг хоёр тал илэрхийлж байлаа.


 

Холбоотой мэдээ