Н.Батхүү: Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарьж, ойн санг 9 хувьд хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, тэдгээрийн сөрөг нөлөөллийг бууруулахад байгалийн ойг хамгаалах, мод тарих ажлыг зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй арга гэж дэлхийн улс орнууд үзэж томоохон хөтөлбөр, хөдөлгөөнийг өрнүүлж байгаа билээ. Тухайлбал, Европын Холбоо 3 тэрбум, Ойрх Дорнодын орнууд 10 тэрбум, Канад улс 2 тэрбум, Шинэ Зеланд, Франц улс тус бүр нэг тэрбум мод тарих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол Улс ч мөн өөрийн хувь нэмрийг оруулж, 2021 оноос “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж буй. Уг хөдөлгөөний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүүтэй ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ “Монгол Улс 2030 он хүртэлх хугацаанд тэрбум мод тарина” хэмээн мэдэгдсэнээс хойш гурван жил өнгөрсөн байна. Энэхүү мэдэгдлийг НҮБ-ын индэр дээрээс хийхдээ ойн салбарынхаа нөхцөл байдалд тулгуурласан хэрэг байх. Ер нь манай улс хэдий хэмжээний ойн сантай вэ?
-Монгол орны ой Сибирийн их Тайга, Төв-Азийн хээр, цөлийн торгон заагт уур амьсгалын эрс тэс нөхцөлд тархан ургадгийн дээр байгалийн аясаар тэлэн ургах боломж нэн хязгаарлагдмалын дээр ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг эмзэг экосистем юм. Манай орны ой нь өсөлтийн хувьд бага хэдий ч гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих, цөлжилтийг сааруулах зэрэг экологийн өндөр ач холбогдолтой. Манай орны ойн сан 140 гаруй зүйл мод, сөөгнөөс бүрддэг. Монгол Улс хэдийгээр нийт газар нутагт эзлэх ойн талбайн хэмжээ багатай боловч нэг хүнд ногдох ойн талбай 5.4 га/хүн байгаа нь дэлхийн дундаж болох 0.54 га/хүн үзүүлэлтээс хавьгүй өндөр үзүүлэлт юм.
-Үндэсний хөдөлгөөний хүрээнд хаана хаана мод тарихаар төлөвлөсөн бэ?
-Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хамгийн их өртөж байгаа улс бол Монгол Улс юм. Өнөөгийн байдлаар, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй өртсөн гэсэн тооцоо, судалгаа бий. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс хүн төрөлхтний өмнө Монгол Улс тэрбумаар тоологдох мод тарина хэмээн амласан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл хэрэгжүүлснээр тэрбумаар тоологдох мод тарьж, ойн санг 9 хувьд хүргэх юм. Ингэснээр цөлжилт, газрын доройтол буурч, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөц нэмэгдэн, уур амьсгалын өөрчлөлт саарч, ногоон хөгжлийн сэргэлт эрчимжинэ.
Суурин газрын экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, “Хотын ой”-г хөгжүүлэх зорилтын хүрээнд 233 сая, цөлжилт газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, элсний нүүдлийг сааруулах зорилтын хүрээнд 330 сая, ойн хомсдол, доройтлыг багасган, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 771 сая, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилттой уялдуулан төрөлжсөн агро-ойн аж ахуй хөгжүүлэх зорилтын хүрээнд 173 сая, нийт 1.5 тэрбум модыг тарьж ургуулахаар төлөвлөсөн.
-Өнгөрсөн хугацаанд хэдэн мод тариад байна вэ. Тэдгээрийн хэдэн хувь нь ургаж байна вэ?
-Энэхүү үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 24 сая, уул уурхайн 21 аж ахуйн нэгж 8 сая, төрийн болон төрийн бус байгууллагууд 9 сая модыг тарьсан байна. Энэ тоог нийт дүнгээр нь авч үзвэл, улсын хэмжээнд нийт 41 сая мод тарьсан байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан моддын 90-ээс дээш хувь нь ургаж байна.
-Үндэсний хөдөлгөөн зарлах үед мод үржүүлгийн газар улсын хэмжээнд хэд байв. Өнөөдөр хэдэд хүрэв. Мод тарьж ургуулах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжүүд тарьц суулгацаар бүрэн хангагдаж байна уу?
-Тус үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлж эхлэх үед буюу 2021 онд улсын хэмжээнд нийт 306 иргэн, нөхөрлөл, аж ахуй нэгж мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлж байв. 2022 онд энэ тоо 336 болсон бол 2023 онд 452-т хүрээд байна. Улсын хэмжээнд нийт 39 зүйлийн 12,2 тн үрийн нөөцийг бүрдүүлсэн. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тарьц суулгацын хувьд манай улс 2021 онд 37 сая тарьцыг бойжуулж байсан бол 2023 онд 41 хувиар нэмэгдэж, 62 сая болж нэмэгдсэн. Эдгээр аж ахуйн нэгжийг төрөөс татварын хөнгөлөлтийн бодлогоор дэмжиж буй. Төрөөс ойн салбарт үзүүлж буй 14 төрлийн татварын хөнгөлөлтөөр 25 аж ахуйн нэгжид 51 тэрбум төгрөгийн татварын дэмжлэг үзүүлээд байна.
-Зарим аж ахуй нэгж дүйцүүлэх байдлаар оролцоогоо хангаж байна. Одоогоор дүйцүүлэх байдлаар хэдий хэмжээний хөрөнгө төвлөрөв?
-“Оюу толгой” ХХК-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд дүйцүүлэх байдлаар 40 хүртэл сая модыг тарихаар болсон. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбагийн голын хууль бус уул уурхайн олборлолтоос үүссэн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг өнгөрсөн онд дүйцүүлэх хэлбэрээр хийсэн. Түүнчлэн мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг 400 орчим мянган ам.доллароор санхүүжүүлэхээр тохиролцоод байна.
-Мод тарихад дэвшилтэт техник технологийг хэрхэн нэвтрүүлж байна вэ?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлигт энэхүү чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Усалгааны хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх, бортоготой буюу далд үндэсний системтэй тарьцыг бойжуулах, үрэн бөмбөлөг хийж дроноор ойжуулах зэрэг дэлхийн шинэ технологийн шийдлүүдийг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх туршилт, судалгааны ажлыг эхлүүлээд байна.
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрөлжсөн агро-ойн аж ахуйг байгуулж, жимс жимсгэнийн модыг тарихаар болсон тухай та ярианыхаа эхэнд дурдсан. Энэ ажил ямар явцтай байна вэ?
-“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд агро ойн аж ахуйг хөгжүүлж, жимс жимсгэнийн аж ахуй байгуулна гэсэн зорилтыг дэвшүүлсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд 21 аймгийн 190 суманд 19 мянган га талбайд жимс жимсгэний мод бутыг тарих юм. “Ойн тухай” хуулийн шинэчилсэн найруулгад агро ойн аж ахуй байгуулах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлогын бичиг баримтад зарим шаардлагатай чиглэлүүдийг тусгаад байна.
-Манай улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай. Энэ чиглэлийн аж ахуй нэгжүүдийн оролцоог хэрхэн хангаж байна вэ?
-Үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэхийн тулд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн томоохон компаниудтай хариуцлагын гэрээ байгуулж, 680 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэхүү жишгийн дагуу 21 аймаг, нийслэлд 670 сая, банк санхүүгийн байгууллагууд 88.6 сая мод тарихаар хариуцлагын гэрээ байгуулсан нь бодит ажил болон хэрэгжиж байна.
-Мод тарихад нийтээрээ анхаараад, байгалийн ойн тухай асуудлыг бага хөндөөд байх шиг байна. Унаган ойгоо хамгаалах нь уг хөдөлгөөний нэг салаа мөчир гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний томоохон хэсэг нь ойн сангаа хамгаалах, түүн дотроо байгалийн аясаар сэргэн ургах боломжийг нэмэгдүүлэх, ойг хөнөөлт шавж, өвчин, түймрээс хамгаалах, арчилгаа цэвэрлэгээг судалгааны дүнд тулгуурлан жил бүр зохих талбайд хийхээр тусгасан. Ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтыг хязгаарлах ажлын хүрээнд 2021-2023 онд 5863.9 мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтыг тогтоох судалгааг явуулж, хөнөөл учруулах хэмжээнд хүрсэн голомтыг тогтоосон. Улмаар ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд 2021 оноос хойш нийт 8.8 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Зөвхөн 2023 онд л гэхэд, энэхүү ажлын үр дүнд 0.9 тэрбум модыг доройтолд өртөн, хатаж хуурайших эрсдэлээс хамгаалсан.
-Хүний нөөцийн хувьд энэ салбар нэлээд орхигдсон. Салбарын боловсон хүчнийг бүрдүүлэх талаар ямар ажил өрнүүлж байна вэ?
-Ойн салбарын боловсон хүчнийг бүрдүүлэх тал дээр сургагч багшийг бэлтгэх богино хугацааны сургалт болон хоёрдогч бакалаврын мэргэжил эзэмшүүлэх гэсэн хоёр чиглэлийг барьж ажиллаж байна. 1000 сургагч багш бэлтгэх богино хугацааны сургалтад 330 сумыг хамруулж, 1 сумаас гурван хүнийг бэлтгэлээ. Нийт 1036 хүнийг танхимын болон хээрийн дадлагын сургалтад хамруулсан байна. Мөн байгалийн ухаан, байгаль хамгаалах мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн элсэгчийг Ойн мэргэжлийн хөтөлбөрт элсүүлэн, хоёр жилийн хугацаанд бакалаврын боловсрол олгож байна.
Өнөөгийн байдлаар, МУИС-д 50 гаруй оюутан энэхүү хөтөлбөрт элсэн суралцаж байна. Улсын хэмжээнд ойн мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшихээр 266 оюутан суралцаж байна. Энэ хичээлийн жилд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 528, ойн аж ахуйн ажилтнаар 37, ойн нөхөрлөлийн ажилтнаар 52, ойн техникчээр 11 оюутан суралцаж байна. Энэ оны хичээлийн жилд 32 суралцагч техникч мэргэжлээр элсэн орж, 20 суралцагч ойжуулагч мэргэжлээр төгсөөд байна.