Швед, Иран улсууд хоригдол солилцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СТОКХОЛМ, 2024 оны зургаадугаар сарын 16 /CNN/. Хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр Шведэд бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн Ираны иргэнийг Шведийн эрх баригчид Иранд баривчлагдсан хоёр иргэнээрээ солилцжээ.
Баривчлагдсан иргэдийг солилцоход Оман улс зуучилсан бөгөөд талуудын солилцоо зургаадугаар сарын 15-ны өдөр Маскатт хотод болсон байна.
Шведын тал 1988 онд Ираны Караж хотын Гохардашт шоронд улс төрийн хоригдлуудыг олноор нь цаазалж, эрүүдэн шүүсэнтэй холбоотой цэргийн гэмт хэрэгт буруутгагдсан Ираны түшмэл асан Хамид Нуриг суллажээ. Харин Ираны эрх баригчид Шведийн иргэн Йохан Флодерус, Саид Азизи нарыг сулласан байна. Й.Флодерус нь Европын Холбооны нэгэн байгууллагын ажилтан бөгөөд 2022 онд Иранд баривчлагдаж, Израилын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагджээ. Швед, Ираны давхар иргэншилтэй С.Азизи нь үндэсний аюулгүй байдлын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэргээр таван жил хоригдох ялаар шийтгүүлсэн байна.
Ираны эрх баригчид “Хамид Нуриг Шведийн шоронгоос суллахын тулд тэднийг увайгүй тоглоомынхоо хэрэгсэл болгон ашигласан” гэж Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон солилцоо болохын өмнө мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Ерөнхий сайдын хувиар би Шведийн иргэдийн аюулгүй байдлын хангахад онцгой хариуцлага хүлээх ёстой. Тиймээс Засгийн газар Ираны талтай хэлэлцээг хийсэн Шведийн аюулгүй байдлын албатай хамтран энэ асуудлаар эрчимтэй ажилласан” гэж онцлон дурджээ.
Харин Ираны хүний эрхийн дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Казем Гарибабади олон нийтийн Х сүлжээнд мэдэгдэхдээ, Хамид Нуриг Шведэд саатуулсан нь эхнээсээ хууль бус байсан. Одоо тэр эцэст нь эрх чөлөөтэй болж, эх орондоо буцаж ирнэ гэсэн байна.