Т.Рэнчинванжил: Завхан аймагт 112 хэсгийн хороо ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-нд УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль болно.
Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Сонгуулийн хорооны дарга Т.Рэнчинванжилтай уулзаж УИХ-ын ээлжит сонгуулийн ажлын талаар ярилцлаа.
-Завхан аймгийн болон сумдын Сонгуулийн хороог хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бэ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө тухайн аймаг, нийслэлийн ИТХ-аас ирүүлсэн саналыг харгалзан 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлэхээр заасны дагуу Завхан аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Хуульд заасны дагуу аймгийн Сонгуулийн хороонд аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөөлөл, Цагдаагийн болон Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нар ажиллаж байна.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг Завхан аймагт зохион байгуулахад аймаг, сумын Сонгуулийн хороо, хэсгийн хороо, мэдээлэл технологийн баг, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид гээд 1500 гаруй төрийн албан хаагч ажиллана.
Мөн сумдын Сонгуулийн хороог сумын ИТХ-ын саналыг харгалзан хуульд заасны дагуу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Завхан аймгийн хувьд УИХ-ын 2 дугаар тойрогт хамрагдаж байгаа бөгөөд энэ нь Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгийг хамарсан 10 мандаттай томсгосон тойрог юм.
-Аймаг, сумдын Сонгуулийн хороонд ямар ажил, албан тушаалын хүмүүс ажиллаж байна вэ?
-Бүх шатны сонгуулийн хороодод ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг www.election.mn системээр нээлттэй бүртгэж, цахим сургалтад хамруулан сорил авч, гэрчилгээ олгосны дагуу томилон ажиллуулж байна.
Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Сонгуулийн хороодод ажиллах эрх нь нээлттэй бөгөөд аль хэсэгт ажиллахаа системд бүртгүүлдэг. Аймаг, сумын Сонгуулийн хорооны даргаар тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга эсвэл Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ажиллахаар хуульд заасан.
Мөн санхүүгийн тайлан тооцоо гаргах, архив албан хэрэг хөтлөх чиглэлээр нягтлан бодогч, архив, бичиг хэргийн ажилтан зэргийг томилон ажиллуулах боломжтой байдаг.
-Хэсгийн хороодыг хэзээ байгуулж, ямар бүрэлдэхүүнтэй ажиллах вэ?
-Сумын сонгуулийн хороо нь хэсгийн хороог 7-9 хүний бүрэлдэхүүнтэй, санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар хуульд заасан. Манай аймгийн хувьд 112 хэсгийн хороонд 988 төрийн албан хаагч томилон ажиллаж байна.
-Хэсгийн хороодыг сонгогчийн тооноос хамааран байгуулдаг уу?
-“Хэсэг нь суманд 2000-гаас дээшгүй, аймгийн төв болон дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байх бөгөөд нэг хэсэгт байх сонгогчийн тоо 200-гаас доошгүй байна.” гэж хуульд заасан.
Тиймээс сонгогчийн тооноос хамааран баг, хороог хувааж, сонгуулийн хэсэг байгуулж болно. Манай аймгийн хувьд 24 сум, 116 багтай бөгөөд сонгогчийн тооноос хамааран 112 хэсэг байгуулсан.
-Энэ жилийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн гол онцлог зохицуулалт юу вэ?
-Улсын Их Хурал нэг танхимтай, 126 гишүүнтэй байх бөгөөд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж заасан.
78 гишүүнийг олныг төлөөлөх /мажоритар/ аргаар сонгох нь тухайн тойрогт ногдох мандатын тооноос шалтгаалж, сонгогч сонголтоо хийхийг хэлэх бөгөөд Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг баруун бүсэд хамаарах 2 дугаар тойрог юм.
Хоёрдугаар тойрог нь 10 мандаттай бөгөөд сонгогч энэ тойрогт дэмжиж буй 10 нэр дэвшигчид саналаа өгнө.
Илүү эсвэл дутуу бөглөвөл тухайн сонгогчийн саналын хуудас хүчингүй болно. Мөн 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгоно гэдэг нь сонгогч зөвхөн 1 нам, эвслийг сонгоно. Мөн нэгээс илүү тэмдэглэгээ хийвэл саналын хуудас хүчингүй болно.
Энэ сонгуулийн бас нэг онцлог гэвэл санал авах ажил дууссаны дараа бүх хэсгийн хороонд 100 хувь хяналтын тооллого хийнэ.
Хяналтын тооллогыг нээлттэй зохион байгуулах бөгөөд нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагчдыг оролцуулна. Гадаадын ажиглагч, сонгогчдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг ажиглагчаар оролцуулж болно.
Мөн хяналтын камерт тасралтгүй буулгаж, тооллогыг зохион байгуулахаар зохицуулсан байгаа.
-Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хуулийн ямар зохицуулалт байгаа вэ?
-Сонгуулийн сурталчилгааг нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд хийхийг хориглох бөгөөд улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болохоор хуульчилсан.
Мөн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагад аймагт 100 хүртэл, суманд 20 хүртэл ажилтантай байж болно.
Мөн нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон 1 менежер, аймаг, сум, аймгийн төвийн баг тус бүрд 1 шадар туслагч, аймгийн төвд 400 хүртэл сонгогч тутамд 1 ухуулагч, суманд 200 хүртэл сонгогч тутамд 1 ухуулагч байж болно гэж хуульд заасан.
Дээрх ажилтнуудын үнэмлэх болон сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийг www.election.mn цахим системд бүртгэн, аймаг, сумын сонгуулийн хороо баталгаажуулж байна.
-Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Сонгогчдод боловсрол олгох чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, нийслэл, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороод тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Завхан аймгийн хувьд Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн чиглэлийн дагуу “Сонгогчийн өдөрлөг-2024”-ийг 6 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул суманд зохион байгууллаа.
Тухайлбал, сонгогчдод зориулсан мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, аймгийн Сонгуулийн хорооны цахим хуудас болон орон нутгийн сониноор дамжуулан хүргэж байна.
-Сонгогчдын нэрийн жагсаалтаас юу мэдэж болох вэ?
-Сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн хийдэг.
Сонгуулийн үеэр “манай хаяг огт алга, манай хаяган дээр өөр хүмүүс бүртгэлтэй байна гэх мэт олон асуудал яригддаг. Тиймээс мэдээллийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг бүртгэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахим хуудсандаа байршуулсан.
Иймд сонгогчид нэрийн жагсаалт дахь мэдээллээ шалгаж, зөрүүтэй байвал Улсын бүртгэлийн хэлтэст хандах нь зүйтэй. Мөн цахимаар www.election.burtgel.gov.mn цахим мэдээллийн санд регистрийн дугаар, оршин суугаа хаягаа сонгож шалгах боломжтой юм.
-Зөөврийн хайрцгаар хэрхэн саналаа өгөх вэ?
-Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажлыг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 9:00-20:00 цагт зохион байгуулна.
Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр хуульд заасан байдаг.
Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх сонгогч эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагаа, өөрийн хүсэлтийг дараах байдлаар хүргүүлнэ.
Үүнд: Эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн байгууллагын захиргаанд бусад тохиолдолд өөрийн харьяа хэсгийн хороонд хүргүүлнэ.
Сонгогч нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.
Эрүүл мэндийн байдлаас бусад тохиолдолд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчид хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс 7-гоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэхээр хууль журамд заасан болно.
-Танд баярлалаа.