Хотыг ухаалаг төлөвлөх нь барилгын салбарт шинэ технологи нутагших нөхцөлийг нээдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-13 15:11:42

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай улсад ногоон барилгын стандартыг нэвтрүүлж, хотыг ухаалгаар төлөвлөх нь хоёр боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой. Нэгд, барилгын салбарт шинэ технологи, инновацыг нутагшуулна. Хоёрт, Уур амьсгалын ногоон сангаас санхүүжилт авах гэсэн хоёр том нөхцөлийг нээж өгч байна.


Энэ тухай өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд болсон “Ногоон барилга ба ухаалаг хот” ("Maсe annual meeting-2024") олон улсын семинар дээр Монголын Барилгын инженерүүдийн холбооны тэргүүн Б.Гантулга онцлон хэллээ.

Тус холбоо жил бүр хотын хөгжлийн талаар олон улсын хурлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил газар хөдлөлтийн аюул, үер, усны эрсдэлийн талаар олон улсын туршлагыг хуваалцсан бол энэ жил “Ногоон барилга-ухаалаг хотын төлөвлөлт” сэдвээр чуулж байна  


“Бид жил бүр сэдэвчилсэн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаа ногоон барилга, ухаалаг хотын төлөвлөлтөөр АНУ, Япон, Тайвань, БНСУ-ын төлөөллөөс олон улсын туршлага судлах, олон улсын стандартыг нутагшуулах зорилгоор энэ ажлыг гардан хийдэг инженерүүд рүү чиглэсэн хэлэлцүүлгийг өрнүүлж байна” гэв. Тэрбээр, бид барилгын салбарын дэлхийн чиг хандлагаас суралцах нь олон улсын шаардлагаас хоцрохгүй гэсэн хүчин чармайлт гэдгийг тодотгож байв.




Өнөөдөр хот төлөвлөлт нь байгалийн гамшиг, үер ус, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлж, хамгаалах, үүнтэй зэрэгцэн эрчим хүчний хэмнэлттэй барилга төлөвлөх, сэргээгдэх эрчим хүч ашиглахад түлхүү төвлөрч байна. Үүгээрээ Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шаардлагыг биелүүлсэн байх талаар ярилцлаа. Гэр хорооллын утаа, агаар, хөрсний бохирдлыг арилгахад ногоон барилгажуулалтыг төлөвлөх үүрэг инженерүүдэд ирж байна гэв.

Монгол Улсад Ногоон барилгын дүрмийг баталж, ногоон барилгатай холбоотой стандартыг Барилгын тухай хуульд тусгаж, АХБ-ны төсөл, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ногоон барилга барьж эхэлж байна.


Ногоон барилга, ухаалаг хотыг төлөвлөх нь Тогтвортой хөгжлийн зорилтын шаардлага юм.




Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг өнөөдрийн семинарт, “Улаанбаатар хотын үерийн эрсдэл, түүнээс сэргийлэх боломж” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Энэ талаар нь тодруулбал, бид үерийн эрсдэлийг ярихаасаа өмнө үер гэсэн ойлголтоо тодорхойлох нь зүйтэй байна. Үер гэдгийг голын их урсац эдийн засаг, нийгэмд хэр хор хохирол учруулж байгаа байдлаар тодорхойлдог. Сэргийлэх арга нь үерийн далангаа өндөрлөх, урсцын талбайг нэг бол томсгож өргөсгөх, эсвэл ёроолыг гүнзгийрүүлэх явдал юм. Үерийн усыг өнгөрөөх нь хамгийн гол нь байдаг тул энэ талын орон зайг тооцож, эхний төлөвлөлтөө зөв хийх нь ухаалаг хот болох эхний алхам юм гэдгийг онцолж байлаа. 








Холбоотой мэдээ