АНУ ОХУ-ыг кибер халдлагын хэрэгт буруутгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-08 14:34:14

ВАШИНГТОН. /Reuters/. Ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохын тулд Ардчилсан намын /АН/ албаны хүмүүсийн и-мэйл, компьютерыг хакердсан гэж Оросын засгийн газрыг АНУ-ын засаг захиргаа албан ёсоор буруушаалаа.

АНУ-ын Тагнуулын төв газар болон Дотоодын аюулгүй байдлын яам баасан гарагт хамтран мэдэгдэл хийхдээ ОХУ-ыг кибер халдлагын хэрэгт буруутгасан байна.

Хамтарсан мэдэгдэлд “мөрдөн шалгалтын дүнд тулгуурлан хэлэхэд, Оросын нөлөө бүхий албан тушаалтнууд кибер халдлага үйлдэхийг үүрэг болгосон байна” гэжээ.

Энэ оны эхээр АНУ-ын АН-ын Үндэсний хорооны компьютерын серверүүдэд хакерчид халдаж, намын албаны хүмүүсийн и-мэйлүүдийг “WikiLeaks” цахим хуудас нийтэд дэлгэсэн билээ.

Кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Дотоодын аюулгүй байдлын яам улсынхаа муж улсуудын холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.

Оросын компанийн серверүүдээс кибер халдлагуудын дийлэнхийг үйлдсэнийг бид олж тогтоосон гэж тус яам цохон тэмдэглэжээ.

Г.Доржханд



 

Холбоотой мэдээ