Хэнтийн зарим сум ургацаа 100 хувь алдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-08 13:22:43

Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Хурх, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин сумдын намрын тариа хураалтын ажил байдалтай танилцлаа. Эдгээр сумдаас Дадал, Норовлин сум цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад үрсэлгээ оройтож 9 сарын дундуур хийснээс тариагаа 100 хувь хурааж чадахгүйд хүрснийг албаныхан хэллээ.

Энэ жил 23,8 мянган га-д улаан буудай тариалсны 16,1 мянган га талбайгаас улаан буудай хураах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 4126 га-аас 2448 тонн ургац хураан авчээ. Төмс хүнсний ногооны хураалт 80 гаруй хувьтай буюу төмс 2160 тонн, хүнсний ногоо 1690 тонныг хураан авчээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дараа нь Биндэр, Баян-Адарга сумдын “Амжилт” ХХК, Биндэръяа буудай” ХХК, “Мөнх-Онон” ХХК, “Идэр-Онон” ХХК, “Мөнхийн дуурлиг” ХХК-иудын тариан талбайгаар орж тариалан эрхлэгчидтэй уулзлаа. Эдгээр сумдын аж ахуйн нэгжүүдийн ургац хураалтын ажил жигдэрч 1 га-аас дунджаар 10 цн тариа хураан авч үтрэм дээр буулгаж цэвэрлэгээний ажлуудыг хийжээ. Мөн Хурх тосгонд үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдний нэг болох “Энсада Истерн” ХХК энэ жил 5000 га талбайд тариалалт хийснээс 4000 га-д улаан буудай, 1000 орчим га-д тосны ургамал тариалаад байгаа аж.

Тариаланчдын өмнө тулгараад байгаа асуудал бол тариан талбай руу мал орж сүйтгэж байгаагаас гадна байгаль, цаг агаарын нөхцөл байдлаас болж алдагдалтай байна гэв. Тиймээс намрын их ажилд ядаж мал оруулахгүй байх тал дээр малчид болон Цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлж өгөхийг хүсжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ