Нийслэлийн гудамж, талбайд 400 мянга орчим цэцэг тариад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гудамж, талбай, зам дагуу одоогоор 398 мянга гаруй цэцэг тариад байна.
Тодруулбал, мандарваа,
тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул,
хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халганаа, астра, бербиния,
энхэлгэнэ, хумсан зэрэг арваад төрлийн
цэцгийг ургуулжээ.
Нийслэлийн ногоон
байгууламжийг нэмэгдүүлэхээр энэ
онд есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар
төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ
ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд, цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх
талбайд цэцэг суулгаж байна.
Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст ургамлаар цэцгийн мандал хийж, өнгөрсөн онд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт цэцэгт хийцлэлийг таван байршилд байгуулж байв. Харин энэ онд 25 газар цэцгэн мандал хийх аж.