Европ дахь Цахиурын хөндий буюу авьяаслаг эрдэмтдийн өлгий нутаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-06-03 08:20:28

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Манай улсын 40-өөс дээш насны иргэд “Беларусь” трактор, Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй аварга том “БелАЗ” өөрөө буулгагч автомашиныг үйлдвэрлэдэг гэдгээр нь Беларусь орныг сайн мэднэ. Мөн нийслэлийн замаар давхилдах хөх өнгийн залгаа автобусуудыг энэ улсаас нийлүүлсэн гэдгийг залуу үеийнхэн гадарлах болов уу.


Харин харьцангуй цөөн хүн амтай хэрнээ энэ улс өндөр технологийн, ялангуяа мэдээллийн технологийн хөгжлөөрөө дэлхийд гайхагддаг, бусад салбарт беларусь гаралтай 6 Нобелийн шагналтан төрөн гарсан төдийгүй өвөг дээдэс нь Беларусиас гаралтай олон хүн уг шагналыг хүртсэн, Израилын Ерөнхийлөгч асан Шаим Вайцман, Шимон Перес нарын унаган нутаг нь Беларусь гэдгийг сонссон хүн төдийлөн олон биш болов уу. 

Зураг дээр: Дэлхий дээрх хамгийн том самосвал машин - БелАЗ-75710


MAPS.ME, Masquerade, World of Tanks, EPAM, Viber, All-in Fitness — эдгээр нь бүгд Беларусийн программ зохиогчдын бүтээл гэдгийг гадаадынхан байтугай беларусьчууд ч өөрсдөө сайн мэддэггүй гэнэ. Энд онцолбоос, Беларусь бол IT-гийнхний хувьд жинхэнэ диваажингийн орон юм. Дорнод Европын “Цахиурын хөндий” гэгддэг энэ улсад 20 жилийн өмнө өндөр технологийн парк байгуулагдсанаас хойш IT-гийн хөгжил өндөр түвшинд гарсан бөгөөд одоо тус паркад

170 компани, 27 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байна.


Беларусьчуудын хувьд өндөр технологийг хөгжүүлье гэсэн санаа аль эрт социализмын үед буюу 1975 онд төржээ. Тэр үед осциллограф төхөөрөмж ба шивүүр хальсыг /перфолент/ гартаа барьсан идэр залуу хөвгүүн, бүсгүй хоёрыг дүрсэлсэн 6 м өндөр хөшөөг программ зохиогчдод зориулан босгосон нь ирээдүйн амжилтын бэлгэдэл байлаа. 


Үүнээс хойш яг 30 жилийн дараа 2005 онд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Өндөр технологийн парк байгуулах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр тус улсад IT-гийн бизнесийг хөгжүүлэхэд чиглэсэн татвар-эрхзүйн онцгой дэглэмийн хүрээнд хамаарах тус паркийг байгуулах орчин бүрдлээ. Энэ бол эдийн засгийн чөлөөт бүс, онцгой бүс биш боловч экстерриториал зарчмаар ажилладаг орон зай юм.

Өндөр технологийн парк. Минск хот 

“Brain Drain” буюу чадварлаг ажиллах хүчин эх орноо орхиж явах үзэгдлийг зогсоох зорилгоор энэхүү паркийг байгуулж, Физик техникийн хүрээлэнгийн хуучин байрыг орчин үеийн хэв загвараар тохижуулжээ. Тус паркийн анхдагч зорилго нь гадаадаас аутсорсингийн компаниудыг татах явдал байв. Гадаадын компаниудын хувьд беларусьчуудыг улсдаа авчирч ажиллуулахаас илүүтэй Беларусьт салбараа байгуулах нь ашигтай байх нөхцөлийг бий болгосон тул IT-гийн салбарын чадварлаг ажилтнуудыг эх оронд нь тогтвор суурьшилтай ажиллуулах боломж бүрджээ.   


Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу эхний үед паркт байрлан ажиллаж буй компаниуд улирал бүр орлогынхоо 1 хувийг тушаах ба НӨАТ, орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгджээ. Үүний сацуу заавал тус цогцолборт үйл ажиллагаа явуул гэсэн шаардлагыг тавиагүй бөгөөд Беларусийн нутаг дэвсгэрийн аль ч цэгт стартап компани байгуулан ажиллуулахыг зөвшөөрчээ. Харин хөл дээрээ боссоных нь дараа паркт үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажилтнуудаас авдаг хувь хүний орлогын албан татварыг нийтэд нь 9 хувиар тогтоосон бол 2021 оноос 13 хувь болгож нэмэгдүүлжээ.


Өнөөдөр Беларусь улс хүн амд ногдох программ зохиогчдын тоогоор дэлхийд тасран түрүүлж, программ хангамжаар тэргүүлэгчдийн тоонд “World of Tanks” тоглоомыг зохиосон Беларусийн Wargaming компани багтсан бол бидний өргөн хэрэглэдэг Viber аппликейшн нь хэрэглэгчдийн тоогоор Facebook Messenger, WhatsApp-ын дараа гуравдугаарт орж байна.


Wargaming гэхэд 6 мянга гаруй ажилтантай, дэлхий даяар 120 сая гаруй хэрэглэгчтэй болсноор тус компанийг үүсгэн байгуулагч Виктор Кислый 2016 онд Беларусийн анхны тэрбумтан болж байв. Мөн беларусьчуудын бүтээсэн Masquerade аппликейшнийг Фэйсбүүк компани, Viber-ийг Японы “Rakuten” компани худалдан авчээ.


Өнөөдрийн байдлаар, Өндөр технологийн паркт өсөж бойжсон компаниудын зохиосон гар утасны аппликейшнүүдийг дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн хэрэглэж байгаа бол тус паркт бүтээсэн программ хангамжийн 91 хувийг экспортолж байна. Ийм учраас эх орон нэгтнүүдийнхээ зохиосон аппликейшнүүдийг хэрэглэж байгаа гэдгээ беларусьчууд өөрсдөө ч мэддэггүй ба бүтээх санаа дөнгөж төрж байх үед нь зарим аппликейшнийг гадаадынханд зарчихдаг ажээ. 


Өнөөдөр хоёр беларусь хүүхдийн нэг нь программ зохиогч болохыг мөрөөддөг ба Беларусийн программистуудын цалин нь хөрш ОХУ, Украин, Польш, Литва, Латвийн мэргэжил нэгтнүүдийнхээсээ  өндөр байдаг.


2020 онд гэхэд Беларусийн бүх ажиллах хүчний 1,5 хувь нь /85 мянган хүн/ Өндөр технологийн паркт ажиллаж, тус паркийн экспорт 2 тэрбум 735 сая ам.долларт хүрчээ. Нийт үйлдвэрлэлийн хэмжээ 7,4 тэрбум ам.долларт хүрсэн нь 9,5 сая хүн амтай улсын хувьд өндөр тоо юм.


Нобелийн шагналтнуудын өлгий нутаг 


Хэдийгээр цөөн хүн амтай боловч Беларусь нутгаас олон алдартай эрдэмтэн, улстөрч, соёл урлагийн зүтгэлтэн төрөн гарсны нэг нь 2000 онд Нобелийн шагнал хүртсэн физикч Жорес Алферов юм.


Тэрбээр 1930 онд Витебск хотод төрсөн бөгөөд дэлхийн II дайны дараа дунд сургуулиа алтан медальтай төгсөж, Ленинград хотын Цахилгаан техникийн дээд сургуулийг дүүргэснийхээ дараа дэд эрдэмтэн, докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртэж, улмаар ЗХУ-ын ШУА-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ. 500 гаруй судалгааны ажил, 50 нээлт хийсэн энэ хүн “хагас дамжуулагчийн гетеро бүтцийг  тодорхойлсныхоо” төлөө Нобелийн шагнал хүртсэн байна.


Орчин үеийн нанотехнологийн хөгжил нь Алферов ба түүний шавь нарын бүтээлүүд дээр тулгуурладаг ба бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс түүний нээлтүүдийн ачаар бий болсон юм. Тухайлбал, “Алферовын лазер”-ыг компакт диск ба гар утас, бусад нээлт бүтээлийг нь автомашины гэрэл, гэрлэн дохио, дэлгүүрийн кассын машинд ашигладаг.


Алферов унаган нутгаа мартаагүй бөгөөд Беларусийн эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны ажилд идэвхтэй оролцож, 1990-ээд оны үед тус улсын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогджээ. 


Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтан Саймон Кузнец


XX зууны хамгийн алдартай эдийн засагчдын нэг болох энэ хүн Беларусийн Пинск хотод 1901 онд төрсөн боловч хувь заяаны эрхээр түүний амьдрал, нээлт бүтээл нь АНУ-тай салшгүй холбогджээ.


Америкт цагаачлахаасаа өмнө тэрбээр Семен гэдэг нэртэй байсан бөгөөд 4 дүгээр анги төгссөнийхөө дараа Украинд очиж, Харьков хотын Худалдааны дээд сургуульд суралцаж байгаад 1920-иод оны эхээр АНУ-д цагаачлан гарч Колумбын их сургуулийг дүүргэжээ. Үүний дараа олон жил Хопкинсийн их сургууль, Харвардын их сургуульд багшилж байв.


С.Кузнец бол эдийн засгийн судалгааг бүхэл бүтэн шинжлэх ухаан болгож чадсан хүн юм. Өдгөө судлаач бүрийн хэлдэг “Дотоодын нийт бүтээгдэхүүн” гэдэг ойлголтыг анх бий болгосныг дурдах нь зүйтэй. Орлогын ялгаа нь баян чинээлэг бус харин ядуу буурай орнуудад илүүтэй байдаг гэдэг гарцаагүй үнэнийг чухамдаа С.Кузнец шинжлэх ухааны үүднээс баталжээ. 


“Эдийн засгийн өсөлтийн тухай ойлголтыг эмпирик судалгааны үндсэн дээр бий болгосноор эдийн засгийн ба нийгмийн бүтэц, хөгжлийн үйл явцыг илүү гүнзгий таньж мэдэхэд хувь нэмэр оруулсан”-ы учир түүнд Нобелийн шагналыг олгожээ. Аливаа улс орны хамгийн том капитал бол ур чадвартай, туршлагатай,  мөн эдийн засгийн ашигтай үйл ажиллагаанд тэмүүлсэн хүмүүс юм хэмээн нэрт эрдэмтний хэлсэн үг эдийн засгийн бүх сурах бичигт орсон байдаг.


Энх тайвны Нобелийн шагналт Шимон Перес


Энэ хүний төрсөн нутаг болох Минск мужийн Вишнево тосгонд нацистууд аймшигт аллага үйлдэж, тосгоны оршин суугчдыг жүүдийн шашны сүмд бөөнөөр нь оруулж байгаад шатаажээ. Амиа алдсан хүмүүсийн дотор Шимон Пересийн төрөл төрөгсөд байсан гэдэг. Харин энэ явдлаас 7 жилийн өмнө Шимон 11 настайдаа Палестин руу дүрвэсэн байлаа. 1990-ээд оны эхэн үеэр Ш.Перес хоёр удаа төрөлх тосгондоо ирж, гэрийнхээ ойролцоох худгийн уснаас амсаж байв. Тэрбээр 1994 онд “Ойрх Дорнодод энх тайвныг цогцлооход хүчин чармайлт гаргасныхаа” төлөө Нобелийн Энх тайвны шагналыг Ясир Арафат, Ицхак Рабин нарын хамт хүртсэн юм.


Утга зохиолын салбарын Нобелийн шагналт С.Алексиевич


Манай эрин үеийнхний зовлон шаналлыг мэдэрч, эр зоригийг нь бахдан дуулсан гайхамшигт уран бүтээлүүд туурвисных нь төлөө Беларусийн зохиолч эмэгтэйд утга зохиолын Нобелийн шагналыг олгожээ.

Светлана Алексиевич 1948 онд Ивано-Франковск мужид Беларусийн цэргийн албан хаагчийн гэр бүлд төржээ.


"Таны уран бүтээл беларусьчууд төдийгүй дэлхийн олон орны уншигчдын сэтгэл санааг эзэмдэж чадсан" хэмээн Ерөнхийлөгч А.Лукашенко түүнд баяр хүргэж байлаа.  Хариуд нь Алексиевич хэлэхдээ, “Энэ бол зөвхөн миний ялалт бус улс орон, ард түмний минь ялалт” гэжээ. Түүний туурвисан хамгийн алдартай баримтат-уран сайхны бүтээлүүд бол “Чернобылийн залбирал”, “Дайны эмэгтэйлэг бус шинж төрх ” /War's Unwomanly Face/ “Цайран хөвгүүд” юм.


Эдгээр дурдсан 3 хүнээс гадна Нобелийн Энх тайвны шагналт Менахем Бегин, физикийн салбарын Нобелийн шагналт Ричард Филлипс Фейнман нар мөн л беларусь гаралтай ажээ.


Мөн 19-20 дугаар зууны зааг дээр илүү сайхан амьдралын эрэлд гарч, харь оронд цагаачилсан беларусь гаралтай хүмүүсийн хүүхдүүд, ач зээ нар нь мөн Нобелийн шагнал хүртсэн тохиолдол цөөнгүй. Тэднийг дурдвал, физикч Шэлдон Ли Глэшоу /Глуховский/, Витебск хотоос АНУ-ын Айова муж улсад ирсэн цагаачдын хүү, химич Алан Хигер, эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Леонид Канторович нар болой. 


Мөн 1995 онд Нобелийн шагналыг хувааж хүртсэн физикч Мартин Льюис Перл, Фредерик Райнес хоёр хоёулаа беларусь гаралтай байсан нь тун гайхалтай тохиолдол бөгөөд тау-лептон ба нейтрино гэдэг эгэл бөөмсийг илрүүлсний нь төлөө тэдэнд Нобелийн шагналыг олгожээ.   


Түүнчлэн физиологи ба анагаах ухааны салбарын 1997 оны Нобелийн шагналт Стэнли Прузинерийг дурдаж болно. Түүний элэнц эцэг, элэнц эх нь Минск, Могилев, Шклов зэрэг хотод амьдарч байгаад Москвад ирсэн бөгөөд XX зуун гарахаас өмнө Америк руу цагаачилжээ.


С.Прузинерийн гавьяа бол “хүний биед прион гэдэг хоргүй уураг байдаг бөгөөд тодорхой хугацааны дотор маш хөнөөлтэй уураг болон хувирч, тархийг үхжүүлдэг” болохыг илрүүлсэн явдал юм. Энэхүү нээлт нь Альцгеймерийн өвчнийг анагаах боломжтой гэсэн итгэл найдварыг төрүүлж байна. 

Холбоотой мэдээ