Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мянган морин хуурч хүүхдийн тоглолт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургадугаар
сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн
эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр
08.30 цагт эхэллээ.
Энэ жил нийслэлийн Засаг
даргын Тамгын газар санаачлан “Дэлхийн монгол хүүхдүүд” уриан дор зохион
байгуулж байна. Баярын үйл ажиллагааны нээлтэд нийслэлийн Сонгинохайрхан
дүүргийн ЕБС-ийн мянган сурагч хүүхэд морин хуур эгшиглүүллээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр монгол хүүхэлдэйн баатруудын дүрийг бүтээжээ.
Д.Сүхбаатарын талбайд Монголын
өв соёлыг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх
зорилгоор хүмүүжлийн ач холбогдол бүхий зургаан нэр төрлөөс онцлон
“Уламжлалт наадгайн баатрууд” буюу Монголдой, Шагайдай, Хөлөгдэй, Өрлөгхөн,
Оньсонхон, Уранхан хэмээх монгол хүүхэлдэйн баатруудын дүрийг бүтээжээ.
Хүүхдийн баярын гол дүрийн зургаан баатарт зориулан, тэдний онцлогийг харуулсан
гэр музейг төв талбайд байршуулсан байна.
Нэмж мэдээлэхэд, манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.3 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Хүүхдүүдийн 51.4 хувь нь эрэгтэй, 48.6 хувь нь эмэгтэй юм. Улсын хэмжээнд 21 277 ихэр хүүхэд байгаагаас 2 ихэр 20 852, 3 ихэр 402, 4 ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байна.