Мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг сургууль 30 нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-07 14:37:06

Дорноговь аймгийн МСҮТ-ийн 30 жилийн ой аравдугаар сарын 06-нд тохиолоо. Дорноговь аймгийн АДХГЗ-ны  1986 оны 30-ны тогтоолоор нэг ангитай, гурван багштай үйл ажиллагаагаа эхэлж байсан тус сургууль эдүгээ 14 мэргэжлээр мэргэжилтэй  ажилтан бэлтгэдэг 600 гаруй суралцагч, 60 гаруй багштай томоохон сургууль болон өргөжжээ.

Энэ хугацаанд  хоол үйлдвэрлэл, нарийн боов, үс гоо засал, барилгын засал чимэглэл, дүрслэх урлаг, авто засвар ашиглалт,  комьпютер оператор зэрэг 14 мэргэжлээр 3000 гаруй мэргэжилтнийг бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд гаргасан байна.

Одоо тус сургуульд нэг зөвлөх багш , тэргүүлэх зэрэгтэй 5 багш,  заах аргач 10 багш, магистр зэрэгтэй14 багш  бакалавр зэрэгтэй 11 багш ажиллаж буй. Түүхт 30 жилийн ойгоо угтаж сургуулийн захиргаанаас  хичээлийн байр, спорт заал, багш нарын өрөө, онолын 12 танхим, дадлагын гурван байрандаа их засвар  хийснээс гадна  120 хүүхдийн багтаамжтай  дотуур байрыг ашиглалтад бүрэн хүлээн авав.

Мөн 30 жилийн түүхэн цадигийг багтаасан номыг баринтаглаж авчээ. Сүүлийн жилүүдэд олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр  уул уурхайн офератор, барилгын цахилгаанчин, симуляторын лабораториудыг байгуулж сургалтын орчин үеийн материаллаг баазаар хангагдсан аж.

30 жилийн түүхэн ойн баярын үеэр хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолт болж үе үеийн төгсөгчид эрдмийн түүчээ болсон сургуульдаа морилон оюутан цагаа дурслаа.

Х.Эрдэнэбулган    

Холбоотой мэдээ