ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 64 нас хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-07 10:46:08

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 64 нас хүрч байна.

Өнгөрсөн онд тэрбээр төрсөн өдрөө амралт зугаалгын Сочи хотод Үндэсний хоккейн лигийн /NHL/ домогт тоглогчид болон Оросын албаны хүмүүстэй мөсөн хоккей тоглож өнгөрүүлсэн юм.

Ингээд Ерөнхийлөгч В.Путины товч намтрыг дор сийрүүллээ.

В.Путин 1952 оны 10 дугаар сарын 7-нд Ленинград хотод /одоогийн Санк-Петербург/ мэндэлжээ. Тэрбээр 1975 онд Ленинградын Улсын их сургуулийн /ЛУИС/ хуулийн анги төгсөж, дараа нь эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр их сургууль төгссөнийхөө дараа ЗХУ-ын тагнуулын байгууллага болох Улсыг аюулаас хамгаалах хороонд /КГБ/ ажиллаж байв.

В.Путин 1985-1990 онд Зүүн Германд таван жил ажилласан байна. 1990 онд тэрбээр ЛУИС-ын захирлын олон улсын асуудал эрхэлсэн туслах болжээ. 1991 оны зургадугаар сард Санк-Петербургийн Хотын зөвлөлийн Олон улсын харилцаа эрхэлсэн хорооны дарга болсон бөгөөд 1994 оноос энэ албан тушаалыг тус хотын захиргааны тэргүүн дэд даргын албан тушаалтай хавсран хашиж байв.

1996 оны наймдугаар сард В. Путин Ерөнхийлөгчийн тамгын газрын /ЕТГ/ орлогч даргаар томилогджээ.

1998 оны тавдугаар сард тэрбээр ЕТГ-ын тэргүүн дэд дарга болсон байна. Мөн онд тэрбээр Холбооны аюулгүй байдлын албанд орж, 1999 оны гуравдугаар сараас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах болжээ.

Тэрбээр 1999 оны наймдугаар сард ерөнхий сайд, 1999 оны 12 дугаар сарын 31-нд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байв.

2000 оны гуравдугаар сарын 26-нд тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон тавдугаар сарын 7-нд тангараг өргөжээ. 2004 оны гуравдугаар сарын 14-нд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон байна. 2008 оны тавдугаар сарын 8-наас ерөнхий сайдын албан тушаалыг дөрвөн жилийн хугацаанд хашсаныхаа дараа 2012 оны гуравдугаар сарын 4-нд ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, тавдугаар сарын 7-нд ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.

Ерөнхийлөгч В.Путин хоёр охинтой. Түүний ууган охин Мария 1985 онд төрсөн бол бага охин Катерина 1986 онд төржээ.

Г.Доржханд

ml

Холбоотой мэдээ