Умард Солонгос АНУ-д дахин заналхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-07 10:25:22

ПХЕНЬЯН. /NHK/. АНУ-ыг аймшигт ирээдүй хүлээж байна гэж Умард Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдсэн нь тус улс дахин өдөөн хатгалга хийж болзошгүйг харууллаа.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсан өдөр энэ сарын 10-нд тохиож байгаа бөгөөд үүний өмнөхөн Умард Солонгос ийм анхааруулга өгчээ.

Умард Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийх үедээ АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр, албан тушаалыг хүндэтгэлтэй бус байдлаар дурдсан байна. АНУ-ын дайсагнасан бодлого, цөмийн болон цэргийн хүчээ ашиглан үзүүлж буй дарамт шахалт нь БНАСАУ-ыг аргагүйн эрхэнд цөмийн зэвсэгтэй улс болоход хүргэсэн гэж мэдэгдэлд дурдаад, Умард Солонгостой харилцаагаа таслахыг АНУ бусад орнуудад уриалж байгааг буруушаасан байна.

Удирдагч Ким Жөн Ун алсын тусгалтай баллистик пуужин харвахад бэлтгэх тушаал өгсөн гэж Умард Солонгосын хэвлэл өнгөрсөн сард мэдээлсэн билээ.

Харин БНСУ-ын Батлан хамгаалах яам, Умард Солонгос дахин нэг цөмийн туршилт хийхэд зориулсан хонгилыг нутгийнхаа зүүн хойд хэсэгт бариад байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ