Сирийн Засгийн газар Алеппо хот руу хуурай замын цэргээ илгээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-07 08:00:42

ДАМАСК. /NHK/. Сирийн Засгийн газар Алеппо хотын гол гол барилга объектуудыг хяналтдаа оруулахын тулд хотын төв рүү хуурай замын цэргээ илгээжээ.

Засгийн газрын арми гал зогсоох тохиролцоо тасалдсанаас хойш Алеппо хотод удаа дараа агаараас цохилт өгсөн билээ. Цэргүүд цаашид давшилтаа эрчимжүүлснээр иргэдийн амь насанд улам их аюул учирч болзошгүй байна.

Энэ талаар Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура өчигдөр мэдэгдэл хийхдээ, Сирийн Засгийн газрын армийн дайралт энэ маягаар хоёр сар хагасын турш үргэлжилвээс Алеппо хот бүрэн сүйрэх бөгөөд тус хотод байгаа 275 мянган хүн амиа алдаж болзошгүй гэлээ.

Мөн тэрбээр үүнд Сирийн Засгийн газар болон түүний холбоотон болох ОХУ-ыг буруутгаад, мөргөлдөөн ийм байдлаар  цаашид үргэлжилбэл олон мянган сири иргэд амь үрэгдэнэ гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна иргэдийг хөнөөж буй явдлыг таслан зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ тэрбээр илэрхийлээд, Алеппо хотоос гарч явахыг Сирийн сөрөг хүчнийхэнд уриаллаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ