Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-14 13:37:56

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл, Булган, Дорнод, Сүхбатаар аймагт хэрэгжүүлэх “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэх нь” төслийг нээлээ.


Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, хөдөө аж ахуйн байгальд суурилсан шийдлүүд, арга аргачлалыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн чадавхыг нэмэхэд дэмжлэг үзүүлнэ.


НҮБ болон олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагын дэмжлэгээр одоогоор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр 24 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Иймд хэрэгжиж буй төслүүдтэй уялдаатай ажиллаж, сайн туршлагаас суралцан, орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй байх талаас нь анхаарч төлөвлөлтөө хийх нь чухлыг төслийн нээлтийн үеэр оролцогчид онцолж байлаа.


Төсөл хэрэгжүүлснээр хөдөө аж ахуй, байгаль орчин, орон нутгийн уялдааг хангахад дэмжлэг үзүүлэх юм. Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэх, хөрс, усны чанарыг сайжруулах инновац, шинэлэг арга барил нэвтрүүлэх, хүнсний аюулгүй байдлын тогтолцоонд хувь нэмэр оруулж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах чадварыг сайжруулах аж.

Холбоотой мэдээ