БУЛГАН: Өнөөдөр хэл, хил, мал гурваа дархалсан нэрт зохиолчийн мэндэлсэн өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-10 10:09:16

Булган, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/ Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Зундуйн Доржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. .


З.Дорж нь 1941 оны тавдугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Авзага сумын малчин ард Ц.Зундуйн Б.Сономжид нарын хоёр дахь хүүхэд буюу том хүү нь болж төрсөн юм. 1961 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургууль, 1968 онд МУИС-ийн Хэл, утга зохиолын ангийг тус тус төгссөн. 1971-1973 онд БНАГУ-ын Берлин хотын “Брундфункт” радио сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж 1973 оноос Монголын Үндэсний радиод сэтгүүлч, редактораар ажиллаж, утга зохиол, үндэсний өв соёлынхоо төлөө бүхий л амьдралаа зориулсан суу билигтнүүдийн нэг байлаа.


Мөн “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүнээр ажиллаж байв. Нэрт зохиолчийн гэрэлт хөшөөг төрсөн нутаг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд босгосон юм.


Зундуйн Дорж нь ард түмний сэтгэлд хоногшсон “Сүүтэй чулуу”, “Эрдэнэ засгийн унага”, “Эрийн цээ”, “Үхэгсдийн дараах ганцаардал” роман, “Уулын модод”, “Хасагдавч үрэгдээгүй зохиолууд, хаягдавч дарагдаагүй зохиолууд”, “Байтагт мөнхөрсөн арав”, “Америк хүүхнүүдийн нүүрний баясгалан”, “Миний хайртай дайснууд” шүлгийн түүвэр, “Нас тогтох сайхан”, “Тоодог шандын булаг” зэрэг олон шүлэг, яруу найраг, дууны үг, роман, тууж, сурвалжилга, нийтлэлүүд туурвисан нэрт зохиолч, яруу найрагч юм.


Түүний “Нас тогтох сайхан”, “Ишиг гижигдэх зэрэглээ”, “Үүрийн шөнийн нулимс”, “Уйлж дуулах хорвоо”, “Тунирхлын дуу” зэрэг олон шүлэг нь дуу болж, сонсогч олны сэтгэл зүрхэнд хоногшжээ.


Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч З.Доржийн Монголын утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Сүхбаатарын одон, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 1993 онд “Эрдэнэ засгийн унага” түүхэн роман туурвисны учир Монгол Улсын Төрийн соёрхол хүртээжээ.




Мөн түүний уран бүтээлийг мэргэжлийн байгууллага, хамт олон нь өндрөөр үнэлж Монголын Зохиолчдын эвлэлийн болон Монголын Сэтгүүлчдийн холбооны нэрэмжит шагнал, Монголын радиогийн тэргүүний ажилтан, “Малчны алдар” одон хүртээсний зэрэгцээ 2009 онд олон нийтийн санал асуулгаар Монголын ард түмний дээд шагнал “Ард түмний баатар” цолоор шагнажээ.

 


Монголын нэрт эрдэмтэн, зохиолч, мэргэн гүүш, төрийн шагналт, шинжлэх ухааны доктор "Монголын нууц товчооны" судлаач Шанжмятавын Гаадамба нэрт зохиолч З.Доржийн нагац ах ажээ. 




З.Дорж нь нэрт зохиолч, уран бүтээлч, орчуулагч, цогтой эх оронч байхын зэрэгцээ сайн аав байсан юм. 

Түүний үргэлжлэл үр хүүхдүүд нь 12 уулаа Монголын утга уран зохиол, сэтгүүлзүй, улс төрийн салбаруудад, нийгмийн сайн сайхны төлөө бичигч тэмцэгч манлайлагч байж үнэний дуу хоолой болсоор явна.  

 


Нэрт зохиолчийн аав Ц.Зундуй нь шулуун шударга, буруу бусармаг зүйлтэй хэзээ ч эвлэрдэггүй хурц хатуу үгтэй, харин ээж Б.Сономжид нь цэцэн цэлмэг үгтэй, зүйр цэцэн үгийг толгой холбон хэлдэг байсан нь З.Дорж найрагчийг уран бүтээлч болоход төдийгүй эх оронч байхад ихээхэн нөлөөлсөн болов уу хэмээн нутгийн буурлууд дурсаж байна.



Хэл, хил, мал гуравтайгаа байхад

Хэн баян бэ, Монгол баян.

Хэл, хил, мал гурваасаа салбал

Хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй.

Хэл, хил, мал гурвынхаа төлөөлөх

Энэ яваа насыг эцэслэж дуустал тэмцье!

Хэл, хил, мал гурвынхаа төлөө

Үхсэний дараа сүнс байдаг юм бол

Үргэлжлүүлж бас тэмцье!

Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Дорж хэмээн тунхагласан нэрт яруу найрагч 2015 оны 10-р сарын 12-ны өдөр 73 насандаа өвчний улмаас таалал төгссөн юм. 

Холбоотой мэдээ