Антонио Гутерриш НҮБ-ын тэргүүн болох нь тодорхой болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-10-06 09:45:35

НҮБ. /Xinhua/. Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутерриш НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга болох нь тодорхой болжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр удаа сонгогдон НҮБ-ыг удирдсан Бан Ги Мүний халааг өдгөө 67 настай Гутерриш авахаар болж байна. 

НҮБ-ын тэргүүн болохоор өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тоог цөөрүүлэх буюу тэдний нэрсийн жагсаалтыг хумих талаарх зургаа дахь удаагийн санал хураалтыг 15 гишүүнтэй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ лхагва гарагт явуулжээ.

АЗ-ийн 15 гишүүн орны 13 нь Гутерришийг дэмжсэн бөгөөд түүний эсрэг санал өгсөн улс байсангүй.

Өмнөх таван удаагийн санал хураалтаар тэрбээр хамгийн олон санал авч байсан юм.

Хамгийн сүүлчийн санал хураалтыг явуулсны дараа АЗ-ийн 15 гишүүн улсын Элчин сайдууд хэвлэлийн бага хурал хийжээ.

Гутерриш НҮБ-ын дараагийн тэргүүн болох нь тодорхой болсныг энэ сард АЗ-ийг даргалж буй ОХУ-ын Байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдсэн байна. Гутерришийн нэрийг АЗ Ерөнхий Ассамлейд санал нэгтэйгээр өргөн барина гэдэгт найдаж байна гэж тэрбээр хэлжээ.

Гутерришийн хувьд, 1995-2002 онд Португалын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд  2005 оноос эхлэн сүүлийн 10 жилийн хугацаанд НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссарын албан тушаалыг хашсан юм. Тэрбээр Ирак, Сири, Мьянмар, Сомали болон бусад зөрчил мөргөлдөөнд автсан улсуудын асуудлаар ажиллаж байжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ