Солонгосын “Чоньжү Эгис” лигтээ түрүүлж, Х.Болдсүх гурван онооны шидэлтээр улирлыг тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-06 16:24:49

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигийн аваргаар Бусан хотын “Чоньжү Эгис” баг тодорчээ.


Тус багт Монголоос Солонгосын иргэншил авсан Х.Болдсүх хүчин зүтгэдэг билээ. Түүний тоглосон баг финалын цувралд өрсөлдөгчөө 4:1-ээр илүүрхсэнээр аваргын цом өргөсөн байна. Манай тоглогч Х.Болдсүх гурван онооны шидэлтийн хувиар 2023-2024 оны улирлыг тэргүүлжээ. Тэрбээр Солонгосын лигийн Бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн аварга болсон байдаг.


Түүний хувьд 11 настайгаасаа БНСУ-д амьдарч эхэлсэн бөгөөд өдгөө Солонгосын иргэн болсон юм. Түүний солонгос нэр нь И Ген Хе. Тэрбээр драфтын наймаар “Чоньжү Эгис” багт оржээ. Монгол тоглогч Х.Болдсүх лигийн шинэ улирлыг гайхалтай тоглолтоор эхлүүлж, эхний дөрвөн тоглолтод дунджаар 20 оноог авчээ.


Тэрбээр 2020 оны эхний улиралдаа 86 оноо авч, авсан оноогоороо эхний гуравт жагсав. Х.Болдсүх Солонгосын дээд лигт драфтлагдахын тулд иргэншлээ сольсон бөгөөд өөр улсын иргэн гэсэн шалтгаанаар дунд болон их сургуулийнхаа хамгийн чухал тоглолтод оролцож чадаагүй тухайгаа ярьжээ.



Холбоотой мэдээ