Уул уурхайд эрх зүйн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаа дутагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-02 17:55:00

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ДНБ болон экспортод голлох жин дардаг уул уурхайн хөгжил өнөөдөр тус салбарын зах зээл, улс төрийн болон татвар, хууль эрх зүй, бизнесийн орчин, хүний нөөцөөс ихээхэн хамааралтай болж ирж байна.


Юуны өмнө тус салбарт үйл ажиллагаанаас гадна тусгай болон энгийн зөвшөөрөл, гэрээ хэлэлцээр, акт, тайлан зэрэг төрийн байгууллагуудаас гарган баталгаажуулдаг баримт бичиг бүхий эрх зүйн орчинг үнэлэх, тулгарч буй эрсдэлийг тооцон шинжилж, тодорхойлох шаардлагатай байна.


Энэ талаар Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн удирдлага эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзах үеэр хөндлөө. Тодруулбал, уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, түүний нийцэл, хэрэгжилт, бодлогын уялдаа холбоо, орон нутгийн харилцаа, байгаль орчин, хүний нөөц, ажиллах хүчний эрэлт хэрэгцээний талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.


Төр, засгаас гаргаж буй бодлогын баримт бичгийн хэрэгжилтий хангахад төрийн яамд болон хууль санаачлагч нараас гарч буй хуулиуд уялдан нийцэж байх учиртай гэсэн байр сууриа УУҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, уул уурхайн эдийн засагч Н.Алгаа илэрхийлэв.


Тус ассоциациас мөн салбарын боловсон хүчийг бэлтгэх талаар “Ирээдүйн инженер” хөтөлбөр зарлаж буйг мэдээллээ. УУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа энэ талаар хэлэхдээ, уул уурхайн салбарт өнөөдөр:

  • ханган нийлүүлэлтийн бодлого,
  • Уул уурхайн мэргэжлийн хууль эрх зүйч,
  • Эрсдэлийг үнэлэх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай байна гэв.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн харилцааны асуудал чухал болж ирсэн. Уул уурхайнд инженер, техникийн ажилтнуудаас гадна салбарын боловсон хүчний өөрчлөлт мэргэшсэн хуульч, эрх зүйчдийг бэлтгэхээс эхэлнэ гэв. 


Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Манай салбарт хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах асуудал тулгарч байгаа. Тиймээс “Ирээдүйн инженер” хөтөлбөрийн хүрээнд хэрэгцээтэй ажлын байрыг шинээр тодорхойлохыг зорьж байна. Эрэлт дээр үндэслэсэн боловсон хүчний нийлүүлэлтийг хийх хэрэгтэй байгаа. Энэ талаар МУИС, ШУТИС зэрэг дотоодын их, дээд сургуулиудтай хамтран ажиллахыг зорьж байна. Эхний хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа.


Мөн эрчим хүчний шилжилт, ногоон эрчим хүчтэй холбоотойгоор гарч буй эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэрийн дагуу шинэ ажлын байр, мэргэжилтэнг бэлдэх шаардлагатай хэмээн үзэж байгаа. Илүү бодит хэрэгцээн дээр тулгуурласан инженерүүдийг бэлтгэх зорилготой байгаа" гэв. 

Холбоотой мэдээ