ЕЭЗХ-Вьетнамын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр үйлчилж эхэллээ

Дэлхийд | Эдийн Засаг
sarnai@montsame.mn
2016-10-05 16:53:38

ХАНОЙ./TASS/. Евразийн Эдийн засгийн холбоо болон Вьетнам улсын хооронд байгуулсан чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр өнөөдөр хүчин төгөлдөр болж байна.

Энэхүү механизм хэрэгжиж эхэлснээр Вьетнам улсын хувьд ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз гэсэн таван улсын зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломжтой боллоо. Эдгээр таван орны ДНБ нь 2,2 их наяд доллар бөгөөд 183 сая хэрэглэгчидтэй бол Вьетнам улс 90 сая хүн амтай билээ.

Чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор зөвхөн Орос-Вьетнамын худалдааны эргэлт 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүрэх төлөв харагдаж байна.

Хэлэлцээрийн үр дүнд талуудын хооронд хийгдэж буй худалдааны хэмжээ нэмэгдээд зогсохгүй хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа юм.

Тарифын хэлэлцээрт тусгаснаар импортын бараанд ногдуулж буй татваруудын 90 хувийг харилцан тэглэх болон бууруулах талаар тусгажээ. Дээрх хэлэлцээр хэрэгжиж эхэлмэгц 10 мянган нэр төрлийн барааны ихэнхид ногдуулах татварыг шууд 59 хувиар, мөн үе шаттайгаар 30 хувиар бууруулах юм.  

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ