БАЯН-ӨЛГИЙ: 14 толгой Алтайн угалзыг тусгай зориулалтаар агнуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-01 15:17:32

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 334 дүгээр захирамжаар энэ онд тусгай зориулалтаар ан амьтан агнуулах сумдын хуваарь, тусгай зориулалтын ан амьтан агнах тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах ажлын удирдамжийг тус тус баталлаа.


Тус захирамжаар Алтай, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Дэлүүн, Ногооннуур, Толбо, Улаанхус, Цэнгэл сумын агнуурын бүс нутгуудаас 14 толгой Алтайн угалз, 24 толгой Алтайн тэх, 6 халиун буга, 9 зэгсний зэрлэг гахайг тусгай зориулалтаар агнуулахыг зөвшөөрсөн байна.


Амьтны тухай хуульд тусгай төлбөр төлсөн иргэнд агнуурын амьтныг тусгай зориулалтаар агнуулахыг зөвшөөрсөн байдаг.

Угалзын экологи эдийн засгийн үнэлгээ нь 22 сая 200 мянга, тэхийн үнэлгээ 5 сая 300 мянга, халиун бугынх 2 сая 540 мянга, зэрлэг гахайн үнэлгээ 5 сая 690 мянган төгрөг байгаа.  


Дээрх амьтдын нөөц ашигласны төлбөрийн 50-иас доошгүй хувийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлж тухайн агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах юм.

Холбоотой мэдээ