СҮХБААТАР: Банкирууд нэгдүгээр цэцэрлэгийг тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий төгөлтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-24 12:14:59

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монголын “Тэрбум сан”, “Банкуудын холбоо”-ноос Сүхбаатар аймгийн нэгдүгээр цэцэрлэгт хүүхдийн тоглоомын талбай, 1000 гаруй мод, зүлэгжүүлэлт бүхий төгөл байгуулахаар төслийг хэрэгжүүлж эхэллээ.


Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р цэцэрлэг 2020 онд шинэ байранд орсон. Энэ цагаасаа эхлэн цэцэрлэгийн ногоон байгууламж, мод, бут тарих, хүүхдийн сурч, хүмүүжих, тоглож наадах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэг гадна тоглоомын талбай дутагдалтай, мод, бут сөөг харьцангүй цөөн байна. Шинэ барилга, талбай ашиглалтад ороод удаагүй байгаа учир гадна тохижилт, орчинд зайлшгүй шаардлагатай зүйлс их байна. Иймд 50 сая төгрөгийн санхүүжилт бүхий дээрх төслийг хэрэгжүүлэхээр болжээ.



Төглийн 30 хувьд хүүхдийн тоглоомын талбай, 70 хувьд ногоон байгууламж хийнэ. 1000 ширхэг хайлаас модыг хашлага хэлбэрээр тарина. Мөн 40 ширхэг нарс мод тарина. Ингэснээр тус цэцэрлэг өмнө байсан модтойгоо нийлээд 2000 орчим модтой болох юм. Ногоон байгууламжийн арчилгаа, ургалтыг гурван жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн “Ойжуулалт Хайлааст” компани хариуцаж ажиллана.


Ийн төгөлтэй болсноор хүүхэд багачууд байгаль, дэлхийтэй  танилцах, хүчилтөрөгч бүхий орчинд сурч, хүмүүжих, мод, байгалиа хайрлах зөв, дадал хэвшилтэй иргэн болоход чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Монголбанкны Сүхбаатар аймаг дахь сабарын захирал Ц.Мөнхбаяр тодотголоо.



Төслийн анхны ажил мод тарих бэлтгэл буюу шуудуу, нүх ухах болон бусад газар шорооны ажилд Сүхбаатар аймаг дахь бүх банкны салбарууд, нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон идэвхтэй оролцлоо.

Холбоотой мэдээ